монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
▼
12/21/2010
Эрхий мэргэн
Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайгаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад, амьтан хүн халууцаад, адуу мал харангатаад байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харваснаа онодог, хавтай мэргэн харваач байж гэнээ <Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч> гэж олон амьтан түүнд очиж гуйж гэнэ.
Эрий эр төрсөн Эрхий мэргэн харваач эрхийдээ эрчимтэй, элгэндээ сөстэй, залуу настай, халуун цустай, хүн болохоор мэргэн харвадагтаа эрдэж: < Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад, хар ус уухгүй, хагд өвс идэхгүй (амьтан болоод) харанхуй нүхэнд амьдарна > гэж ам алдаж андгай хийж гэнэ.
Тэгээд дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг
зүүнээс нь харваад гарч гэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоодох нарыг харвахаар (татаж дэлж) шагайж шившиж байтал нь хараацай шувуу хоорондуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносон учир (алтан) хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачнаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ.
Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцага алаг мориороо хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ: <Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөд хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий нь огтлоод хөдөө газар хаяарай! Би эмээлт морио байгаад, энхэл тунхал газар амьдрах болно> гэж ам тангаргаа өгчээ.
Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үүрийн харуй бүрий хүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь
алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу харуй бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг нь <Намайг гүйцэх үү? гүйцэх үү?> гэж дооглож бултан нисдэг нь тэр гэнэ.
Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад, эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг нь үүнээс болсон гэнэ. Бас эрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө оройн нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ. Жич тарваганд хүн мах гэж хүн идэж болдоггүй мах байдаг нь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гэнэ.
Тайлбар: Уг үлгэрийг Булган аймгийн хуучин Авзага (одоогийн Хишиг-Өндөр) сумын ард Ш.Цэдэн-ишээс бичиж авчээ. Монгол ардын аман зохиолын дээж, 136 тал.