Бөхийн барилдаан: Монголчуудын үндэсний баяр наадмын нэгэн томоохон хэсэг нь бөхийн барилдаан юм. Бөхийн барилдаан нь авхаалж самбаа уран мэхийг эрхэмлэдэг урлаг спортын нэг төрөл гэж хэлж болно. 512 хүчтэн цагт баригдахгүйгээр уудам талбайд барилддаг. Монголчууд эртнээс хүч чадлыг эрхэмлэж ирсэн бөгөөд монгол эрэгтэй хүүхэд болгон багаасаа барилдаж өсдөг. Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатарын төв цэнгэлдэх хүрээлэнд 100-гаас илүү жинтэй, тэгш сайхан биетэй, идэр залуу хүч бяртай монгол эрчүүдийг нэгэн доор харна гэдэг бас л нэгэн бахдал гайхамшиг юм.
Сурын харваа: Монгол цэргийн түүхийн оргил нэгэн хэсэг бол яах аргагүй нум сум юм. XIII зууны үед гэр бүрт морин хуураас гадна нум сум байсан. Эр хүн бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч гэсэн харвадаг байжээ. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэний харвасан 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм. Чингис хааны цэргийн хамаг хүч чадал нь агт морьд байснаас гадна цэргүүдийнх нь нум сум харвах чадвар байсан гэдгийг дэлхийн судлаачид аль хэдийнээ хүлээн зөвшөөрсөн билээ. Морины давхиан дунд чөлөөтэй эргэж байгаа онож харваж чаддаг байжээ.
Эрийн гурван наадмын нэгэн төрөл сурын харваа нь Богд хаант засгийн үед ихэд сэргэж наадмын утга руу шилжжээ. Дунд чулуун зэвсгийн үед нум сум үүссэн гэдэг. Дохио өгөх, дайсныг айлгах зорилготой дуут нум байсан гэнэ.
Хурдан морины уралдаан: Улаанбаатарт 6 насны ангилалд дунджаар 400 морь буюу хоёр өдөрт 2400 морь уралддаг. Аймгийн төвүүдийн морин уралдааныг оролцуулаад нэгэн зэрэг 26 мянган морьд зэрэг уралддагаараа гайхалтай. Эцсийн хүчээ шавхах хүртлээ 20-30 километр уралддаг онцлогтой морин уралдаан дэлхийд хаана ч байхгүй. Уяа сойлгыг нь буруу тааруулбал 10 километр ч давхиж чадахгүй, уяа сойлго нь зөв байвал 40, 50 километр байсан ч давхиад барианд орж ирж чадах Монгол морины наадам. 100-500 морьд нэгэн зэрэг уралддаг онцлог нь гадаадын жуулчдад гайхалтай сонин санагдана. Уяачид адуун дотроосоо хурдан удамтай хүлгийг сонгон жилийн дөрвөн улиралд унаж хөнгөрүүлэн байж наадам болохоос сарын өмнөөс уяа сойлгонд жигдлэн оруулж өвс усыг нь тохируулдаг.