9/19/2020

"Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал" оршвой (11)




Учрыг ухах саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй.

Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй.

Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй.

Очирдар ламын зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй.

Олон нөхөдтэй таарагч хүнд сургаал хэрэгтэй.

Үхэх, өвдөхийн зовлонг санан айгч хүнд сургаал хэрэгтэй.

Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй.

Өвгөд эмгэдийг өргөгч хүнд сургаал хэрэгтэй.


Сургагч нь:

Зоригоор бус үнэнээр болбоос сургаж болно.

Зориуд бус халамжлах сэтгэлээр болбоос сургаж болно.

Зовлонт үйлээс зайлуулагч болбоос сургаж болно.

Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай болбоос сургаж болно.

Үлэмж мэргэн эс боловч омог сэтгэлгүй болбоос сургаж болно гэвэй.



9/04/2020

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой (10).



Тэр хүн бас ийн асуув.
Сургаал хэрэгтэй хүн ямар буй, хэрэггүй хүн ямар буй хэмээсэнд
           Нисгэгч хүн өгүүлрүүн:
Үл мэдэгч мунхаг, ухаангүй хүнд сургаал хэрэггүй.
Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй.
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй.
Үзсэний дараагаар мартагч хүнд сургаал хэрэггүй.
Бусад хүний гэмийг отогч хүнд сургаал хэрэггүй.
Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй.
Ихэс дээдсээс дутаагч хүнд сургаал хэрэггүй.
Элдэв баширт нөхөртэй ханилагч хүнд сургаал хэрэггүй.


Энгийн гэмгүй нөхөртэй үтээрхэгч хүнд сургаал хэрэггүй.
Эд мал тэргүүтнийг худалдсаар үгүйрэгч хүнд сургаал хэрэггүй.
Их суудлыг хүсэж, нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй.
Энэ ба хойтын явдлын сүүлийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй гэвэй.