11/26/2020

Гэрийн үлгэр (үргэлжлэл-2)


Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ч ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч үлгэр үүгээр дууссангүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэр орж, хөвгүүдээ тойруулан суулгаж, 

-Төрөх нэг өдөр байхад, төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсээ аав нь хадан гэртээ буцах боллоо. Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө. Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарай гээд насан өөд болжээ. 


Хөвгүүд нь урьдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. Тэгтэл нэг өдөр гэрийнх нь бүслүүр суларчээ. Бие биедээ найдсаар хэн нь ч чангалж таталгүй суутал гэр нь яйжийж унав гэнэ. Ах дүү долоо чамаас боллоо, танаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүр таарч тохирохоо больж тарж салахдаа хүрчээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахаар шийдээд хана, унь хаалга, тооно, дээвэр, туургаа салган үүрч харсан зүгтээ одоход отгон дүүд нь бүслүүрээс өөр юм үлдсэнгүй. 

Ууган хүү нэгэн газар хүрч хаалгаа босгон хэрүүл уруулгүй амар жимэр сууж байтал өдөржин хурц нар төөнөөд арай л шатаачихсангүй. Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бороо асгаж, аянга тасхийж эгээтэй л ниргэчихсэнгүй. 



Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихаж. Бас нэг нь дээвэр дороо амарч хэвттэл хуй салхи босч хуу татаад хаячихав гэнэ. Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөнө болж, араатан чоно тал талд нь архиралдаж золтой л хүү татчихсангүй. 

Униа боож овоохойлчихоод хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хойрч хөлдүүс болгох дөхөж гэнэ. Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отгон дүү нь бүр ч хэцүү байсан нь мэдээж. Тэгтэл нэг өдөр түүн дээр хана үүрсэн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тооно, унь, дээвэр, туургаа үүрсээр ар араасаа цувран айсуй. Тийнхүү долоон хүү өвгөн буурал эцгийнхээ гэрээс үгний учрыг сая л ухаарч түүнээс хойш үеийн үед сургаалтай өргөө цагаан гэрээ эвийн сүлд болгон дээдэлсээр амар сайхандаа жаргажээ.


 

11/20/2020

Гэрийн үлгэр



Монголын дээд өвөг хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан өнө эртний үед юм гэнээ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан цөмөөрөө л эвтэй сайхан амьдарч байжээ. Тэгтэл юунаас болсныг бүү мэд, нэг л мэдэхэд хоорондоо муудалцан уралцаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрэв гэнэ. Амьтад мөр мөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь усны гүнд, нөгөө хэсэг нь модны оройд гэртэй болжээ. Газар харин хүссэн бүхнээ хийж чадах ухаан гэгчийг хүнд заяажээ.  

Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэгэн өвгөн байж гэнэ. Нэгэн өдөр долоон хүүдээ,




"Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно" гэхэд хөвгүүд нь бодоод бодоод учрыг үл ухав гэнэ. 

Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хана хийв. Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нээгддэг өмнийн тооно, тал тал тийш урссан алтан цацрагнаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үүлсээс дээвэр хийх санаа олжээ. Түшилдэн ханхайсан уул нуруудын араар сансрын хүрдэн салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв ээ. 

Тэгээд өвгөн долоон хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг дэлхийн хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртэй болов гэнэ. 

Үлгэр үргэлжлэнэ 3...