С.Отгонтуяа
"Ах дүүс" шүлэг
Нэг л эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор
Нэг л ээжийн алтан хэвлийд үр нь болж бүрэлдсэн болохоор
Нэг л гэрийн халуун голомтыг тойрч хөлд орсон болохоор
Нэг л нэрийг хан хорвоод залж овоглосон болохоор
Энэ ах дүүс
Энэ амин улс
Зүс царай адил гэж андуурагдсан болохоор
Зан ааш ижил гэж эндүүрэгдсэн болохоор
Зөрүүд тэнэгхэн наснаасаа л сайдаж муудаж өссөн болохоор
Зүйргүй гомдлоо гэвч нулимсаа арчаад л инээдэг болохоор
Энэ ах дүүс
Энэ амин улс
Өлсөхийн цагт хэдхэн боорцогоо хувааж идсэн юм болохоор
Өвдөхийн цагт халуун сэтгэлээ дэвсэж тойглосон юм болохоор
Өнчрөл хагацлын дунд биесээ л түшиж үлдэх юм болохоор
Өөдөсхөн багаасаа л нэгнээ бараадаж ижилдсэн юм болохоор
Энэ ах дүүс
Энэ амин улс
Ах нь дүүгээ өмөөрч айлын бандитай нудрага зөрүүлсэн юм болохоор
Аниа нь багыгаа тэвэрч сайртай хацрыг нь үнсэж эрхлүүлсэн юм болохоор
Тоостой нүүрээ угаацгаан баярын дэнжээр гүйсэн юм болохоор
Тоонотой гэрээ дүүргэн зөнгөөрөө шуугилдаж жаргасан юм болохоор
Энэ ах дүүс
Энэ амин улс
Нэг л хүний тэргүүн дээр цуглаж уйлах юм болохоор
Нэхэл хатуу орчлонг хамтдаа туулах юм болохоор
Үес үесхэн бодоод л үгүйлж санадаг юм болохоор
Үсэн буурал боллоо ч эгч минь дүү минь гэдэг юм болохоор
Энэ ах дүүс
Энэ амин улс
Салаад явъя гэвч сэтгэл нь урсаж холбох
Сарниад одъё гэвч голомт нь дуудаж цуглуулах аргамжаатай улсаа бид.