7/22/2022

"Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал" оршвой (15 хэсэг)


...

Эдүгээ номын ёсны сургаал хэмээвээс 
Биеийг тороос алдуулсан шувуу мэт, аглагийг шүт. 
Хэлийг хятад хивийн зангилаа мэт, алдралт үгүй боо. 
Урьдын хийсэн хилэнцээс, хор идсэн мэт хашир. 
Магад гарах буянтай сэтгэлийг, амь мэт энхрийл, 
Хилэнцэт нөхрөөс, аварга могой үзсэн мэт зайл. 
Буяны садныг өөрийн толгой мэт өргө. 
Сэтгэлийн эрдмийг, яст мэлхийн гишүү мэт нуу. 
Урсгал зөөлөн занг 
Мөрний урсгал мэт үргэлжлүүлэн ундарга.
Ганц зоригийг, бууны сум мэт чиглэ. 
Гурван эрдэнийн үйлст морь, нохой мэт зүтгэ. 
Олон хамаг амьтанд сал онгоц мэт 
Боол сэтгэлийг барь. 
Эвлэж муу санаатантай бүү зөвш. 
Тангараг, санваар хоёрыг, шил толь мэт хайрла. 
Өөрийн биеийн гэмийг салхи мэт алдаршуул.



Зөв болбоос дайсныг боловч үйлд. 
Буруу болбоос хааны суудалд суувч зайл. 
Буян болох болбоос хилэнц мэт боловч үйлд. 
Хилэнц болох болбоос буян мэт боловч тэвч. 
Үлгэрлэвээс: 
Хүнтэй адил боловч, ороолон болбоос бүү учир.
Галзуутай адил боловч, дээдэс төрөлхтөн болбоос шүт. 
Түүнчлэн, билиг буй бөгөөс 
Эрдэм үл болох юм нэг ч үгүй. 
Сүсэг буй бөгөөс 
Адис үл гарах юм нэг ч үгүй. 
Хичээнгүй буй бөгөөс 
Үл бүтэх юм нэг ч үгүй. 
Бодь сэтгэл буй бөгөөс 
Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй хэмээвэй. 
Тэр цагт билигтэй бөгөөс юм бүгд эрдэм болох 
Учир юу буй? Хэмээсэнд: 
...

7/15/2022

"Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал" оршвой (14 хэсэг)


Мунхаг хүнтэй оролдвоос, үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна. Хүсэлтэй хүнийг чанга хоригловоос, гансрах тул аргаар номхотго. Ууртай хүнийг ширүүн хэлбээс, аюул болох тул улмаар ухуул. 

Омогтой хүнийг дарлаваас, хорсох тул нэр цолоор баясга. Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс, хэрэг гарах тул их битгий хэрэгс. 

Атаач хүнд нүүр эс өгвөөс, гомдох тул сайхан загна. Харамж хүн нэг ширхэг утсыг ч болов, харамлах тул арилжаа бүү хий. Зусарч хүнтэй нөхөрлөвөөс, зоргоор сурах тул дорд суудлыг барь. Ховч хүнтэй хэлэлцвээс, бусдын гэмийг сонсох тул үгийг битгий итгэ. 

Их хүнийг эс нүүрдвээс, өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл. Боол хүнийг эс баярлуулбаас, явдал хожимдох тул бага сага юм өг. 


Өр бүү хий. Өглөг бүү тасал. 

Хулгай бүү хий. Ховсоргон бүү загна. 

Олноос зөвш. Онц өөрийн санааг сүүлд гарга. 

Хэлбээс бүү буц. Санаваас бүү март. 

Хүнийг нүүрчилж, хэргийг буруу бүү болго.

 Хүнд чиг үгүй бүү суу. Сайхан зан үгүй бүү суу.

Эдгээр хэмээвээс, ертөнцийн ёсны сургаал болой.