Нүүдэлчин монголчуудын эрт дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны илрэл нь юуны өмнө эзэн тэргүүн, ах захаа хүндлэх ёс билээ. “Монголын Нууц Товчоон”-д бичсэнээр Чингисээс дээш арав дахь үеийн өвөг Бодончарын хэлсэн “бие тэргүүт, дээл захт сайн” гэдэг үг, үе үеийн монголчуудын ахас дээдэс, ёс төрөө хүндлэхийн учрыг сургамжилсан үг буюу ардын цэцэн үг болон уламжилжээ.
Монгол хэлний "төр" гэдэг үгийн нэн эртний утга нь "ёс", "хэв журам" юм. Хууль цааз гэж байгаагүй эрт үед хүмүүс хоорондын харилцааг зохицуулах гол зүйл нь нийтээр даган мөрддөг, ах зах үеэсээ залуу үе нь өвлөж авдаг хэв ёс, зан заншил, элдэв цээрийн зүйл байсан буй. Эдгээр нь бичигдээгүй хууль болж, бүх хүн сахин биелүүлдэг байжээ. Төрт ёс хэмээхийн эртнээс эдүгээ хүртэлх гол утга нь тухайн улс үндэстний тогтсон хэв ёс, хууль дүрмийг чанд сахин мөрдөхийг өгүүлж буй.
Монголчуудын сэтгэлгээгээр төр гүрэн бол гэр бүлтэй ижил бөгөөд аль алинд нь ёс журмыг сахин байх ёстой. Ах захын ёс бол айл гэрээс авахуулаад, нийгэм бүхэлд нь хамаарах ёстой түгээмэл зарчим ажээ. Иймд гэрийн дотор бол "аав нь бүгдийн хаан" гэсэн үг. Түүнчлэн улс үндэстний дотор бол эзэн хаан нь тэнгэр эцгийн газар дээрх биелэл гэж үздэг байжээ.
Төрөө дээдлэх үзэл бол уламжлалт ёс журам, улс гүрний засан тохинуулах хууль цааз, улс гүрний эрхийг барих эрхэм хүний суурь суудлыг хүндэтгэн дагах явдал юм.
Ш.Чоймаа, Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм номоос.