3/30/2016

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой (2).


Бурхныг тахисаар сууж тээршээнэ.
   Номыг сонссоор сууж уйдна.
Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ.
   Өөрийн болбоос нохойг ч болов өмөөрнө.
Бусдын болбоос бурхныг ч болов орхино.
   Баялаг болбоос дайсныг ч болов аргадана.
Гуйранч болбоос эцэг эхийг ч болов орхино.
   Олзтой болбоос биеэ ч хөлсөлнө.
Зориггүй болбоос буянаас ч болов зайлна.
   Дурлаваас мэдсээр байж хулгайг ч болов багтаана.
Зохилдвоос адтай ч болов нөхцөнө.
   Буруудваас дээдсийг ч болов доромжилно.
Хэрэглэвээс амраг саднаас салахуйд л үл зовно.
   Эс хэрэглэвээс тангаргаа эвдэж санаа амар сууна.
Дагаваас хов үгээр ч болно.
  Зөрчвөөс хааны цаазаас ч давна.
Аяа бас, зарим мэргэд номыг мэддэг хэмээгээд алдрыг эрнэ.
   Зарим ноёд, эрхийг олоод дайсныг хураана.
   Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
   Зарим эр атаа заргаар байх юмаа барна.
   Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.

《ᠴᠠᠭ ᠤᠨ ᠵᠢᠮ᠎ᠠ ᠶᠢ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠰᠢᠪᠠᠭᠤ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯ》 ᠣᠷᠤᠰᠢᠪᠠᠢ (2)᠃

ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠢ ᠲᠠᠬᠢᠭᠰᠠᠭᠠᠷ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠲᠡᠭᠡᠭᠡᠷᠡᠰᠢᠶᠡᠨ᠎ᠡ᠃
ᠨᠣᠮ ᠢ ᠰᠣᠨᠣᠰᠤᠭᠰᠠᠭᠠᠷ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠣᠢᠢᠳᠤᠨ᠎ᠠ᠃
ᠬᠤᠧᠠᠷᠠᠭ ᠲᠠᠢ ᠬᠠᠨᠢᠯᠠᠭᠰᠠᠭᠠᠷ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠪᠣᠭᠣᠯ ᠢᠶᠠᠨ ᠬᠢᠨ᠎ᠡ᠃
ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤ ᠨᠣᠬᠠᠢ ᠶᠢ ᠴᠦ ᠪᠣᠯᠪᠠ ᠥᠮᠦᠭᠡᠷᠡᠨ᠎ᠡ᠃
ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠢ ᠴᠤ ᠪᠣᠯᠪᠠ ᠣᠷᠬᠢᠨ᠎ᠠ᠃
ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤ ᠳᠠᠢᠢᠰᠤᠨ ᠢ ᠴᠤ ᠪᠣᠯᠪᠠ ᠠᠷᠭᠠᠳᠠᠨ᠎ᠠ᠃
ᠭᠤᠢᠢᠷᠠᠨᠴᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤ ᠡᠴᠢᠭᠡ ᠡᠬᠡ ᠶᠢ ᠴᠦ ᠪᠣᠯᠪᠠ ᠣᠷᠬᠢᠨ᠎ᠠ᠃
ᠣᠯᠵᠠᠲᠠᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤ ᠪᠡᠢ᠎ᠡ  ᠪᠠᠡ ᠴᠦ ᠬᠦᠯᠦᠰᠦᠯᠡᠨ᠎ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠭ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤ ᠪᠤᠶᠠᠨ ᠠᠴᠠ ᠴᠤ ᠪᠣᠯᠪᠠ ᠵᠠᠢᠢᠯᠠᠨ᠎ᠠ᠃
ᠳᠤᠷᠠᠯᠠᠪᠠᠰᠤ ᠮᠡᠳᠡᠭᠰᠡᠭᠡᠷ ᠪᠠᠢᠢᠵᠤ ᠬᠤᠯᠠᠭᠠᠢ ᠶᠢ ᠴᠦ ᠪᠣᠯᠪᠠ ᠪᠠᠭᠳᠠᠭᠠᠨ᠎ᠠ᠃
ᠵᠣᠬᠢᠯᠳᠣᠪᠠᠰᠤ ᠠᠳᠠ ᠲᠠᠢ ᠴᠤ ᠪᠣᠯᠪᠠ ᠨᠥᠭᠡᠴᠡᠨ᠎ᠡ᠃
ᠪᠤᠷᠤᠭᠤᠳᠪᠠᠰᠤ ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠢ ᠴᠦ ᠪᠣᠯᠪᠠ ᠳᠣᠷᠣᠮᠵᠢᠯᠠᠨ᠎ᠠ᠃
ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠪᠡᠰᠦ ᠠᠮᠠᠷᠠᠭ ᠰᠠᠳᠤᠨ ᠠᠴᠠ ᠰᠠᠯᠬᠤᠢ ᠳᠤ ᠴᠤ ᠦᠯᠦ ᠵᠣᠪᠠᠨ᠎ᠠ᠃
ᠡᠰᠡ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠪᠡᠰᠦ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠢᠶᠠᠨ ᠡᠪᠳᠡᠵᠦ᠂ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠠᠮᠤᠷ ᠰᠠᠭᠤᠨ᠎ᠠ᠃
ᠳᠠᠭᠠᠪᠠᠰᠤ ᠬᠣᠪ ᠦᠭᠡ ᠪᠡᠷ ᠴᠦ ᠪᠣᠯᠣᠨ᠎ᠠ᠃
ᠵᠥᠷᠢᠴᠡᠪᠡᠰᠦ ᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠴᠠᠭᠠᠵᠠ ᠠᠴᠠ ᠴᠦ ᠳᠠᠪᠠᠨ᠎ᠠ᠃
ᠠᠢ᠎ᠠ ᠪᠠᠰᠠ᠂ ᠵᠠᠷᠢᠮ ᠮᠡᠷᠭᠡᠳ ᠨᠣᠮ ᠢ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠬᠡᠮᠡᠭᠡᠳ ᠠᠯᠳᠠᠷ ᠢ ᠡᠷᠢᠨ᠎ᠡ᠃
ᠵᠠᠷᠢᠮ ᠨᠣᠶᠠᠳ᠂ ᠡᠷᠬᠡ ᠶᠢ ᠣᠯᠤᠭᠠᠳ ᠳᠠᠢᠢᠰᠤᠨ ᠢ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ᠎ᠠ᠃
ᠵᠠᠷᠢᠮ ᠪᠠᠶᠠᠳ ᠡᠳ ᠦᠨ ᠲᠦᠯᠦᠭᠡ ᠦᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠰᠦᠢᠳᠦᠨ᠎ᠡ᠃
ᠵᠠᠷᠢᠮ ᠡᠷ᠎ᠡ ᠠᠳᠠᠭ᠎ᠠ ᠵᠠᠷᠭᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠢᠢᠬᠤ ᠶᠠᠭᠤᠯ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠪᠠᠷᠠᠨ᠎ᠠ᠃
ᠵᠠᠷᠢᠮ ᠡᠮ᠎ᠡ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠦᠩᠭᠡ ᠴᠢᠷᠡᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᠪᠠᠨ᠎ᠠ᠃

3/15/2016

Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал оршвой (1)



XIX зууны нэрт бичгийн хүн, соён гэгээрүүлэгч, тавдугаар ноён хутагт Данзан Равжаагийн     “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой.
Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын 18-ны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт нэгэн хүмүүн ирээд нисгэгч хүмүүнээс ийн асууруун.
    Энэ шувууг хийхэд хямд буюу хэмээвэл,Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу буй, хэмээвээс, Муу үйл хямд гэв.
    Ямар юм цөөн буй, хэмээвээс, Өөрийн биеийг үл өмөөрөгч хүмүүн цөөн гэв.
Ямар юм олон буй хэмээвээс, Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
    Ямар юм муухай буй, хэмээвээс, Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан буй хэмээвээс, Саруул ухаан сайхан гэв.
    Юу хортой буй хэмээхэд,  Өст сэтгэл хортой гэв.
Юу тустай буй хэмээхэд, Сайхан сэтгэл тустай гэв.
    Юу худал буй хэмээхэд, Энэ нас худал гэв.
Юу үнэн буй хэмээхэд, Гурван эрдэнэ үнэн гэв.
    Юу муу буй хэмээхэд, Хүний ном үгүй нь муу гэв.
Юу сайн гэхэд Чин сэтгэл сайн гэв.
    Энэ цагийн хүний жам ямар гэхэд, Аяа, аяа хуухай энэ цагийн хүний сэтгэлийг санах тутам
    Ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран зүрх догдлох мэт энэ бүлгээ.

3/08/2016

Эрдэнийн сан субашидээс ( 25-28 )


Аугаа хүчин бага боловч ухаан бэлэг сайн болбол
Асар хүчит дайсанд ч үл дийлэгдьюү
Араатны хаан их хүчит цагаан арсланыг
Аргат өчүүхэн туулай хуураад алсан үлгэр мэт.

Үргэлжид хэнтэй ч болов ханилан чадах ба
Үнэхээр эвийг нь олж явбал цэцэн буй за
Өөрийн зохиолдох харъяатантайгаа ханилахын төдий нь
Үзтэл адгуусанд ч болов байдаг бус буюу.

Өөртөө магад ирэх үйл явдлыг
Үйлдээгүй цагаасаа бодож мэдвэл мэргэн буй за.
Үйлдэн дууссан хойно дэмий бодох нь
Үзтэл тэнэг хүний зан гэж мэдтүгэй.

Тэгш шинжлэх хэрэгтэй нарийн нягт утгыг
Тэвдэлгүй мэдэн чадвал мэргэнд тоолно за.
Тэмээ, үхрийн шүдээр хөгшин залууг нь танихад
Тэнэг заримууд мэргэн боловч, эрдэмд үл тоолъюу.