1/16/2021

Тайхар чулуу

 


Эрт цагт аврага могой газраас хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэг гэгч их хүчтэн Булган уулаас Тайхар чулууг авч үүрч Цагаан даваагаар давж тэр уулын оройгоос могойн толгой руу шидэн даржээ. Ингээд энэ чулууг эхлээд Тархи чулуу гэж хэлдэг байсан нь хувирч Тайхар чулуу гэх болжээ.  Бөхбилэгт уул чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд хэсэг зуур амарсан гэнэ.  


Тэгээд тэндээс чулуугаа үүрч босохдоо шүү - чаа  гэж дуу алдан боссон учир уг газрыг Шүү - шаа Шивэрт гэж нэрлэжээ. Мөн могойн сүүл цухуйсан газрыг хэсэг чулуугаар дарсан бөгөөд Сүүл толгой хэмээх нэр авчээ. Хожим тэр аврага могойн зоо нуруун дээр Сайд вангийн хүрээг байгуулсан байна. Хойт Тамирын хөвөөнд урд тал нь эгцхэн, дээрээ ширээ шиг тэгшхэн хадан хошуу бий бөгөөд түүнийг Таван тээг гэж нэрлэх ажээ. Бөх билэгт аврага могойг дарсныхаа дараа түүн дээр Тамирын голын усаар гараа угаан ариутгасан юм гэдэг. 

ᠡᠷᠲᠡ ᠴᠠᠭ ᠲᠤ ᠠᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠴᠠ ᠬᠠᠮᠤᠭ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠢ ᠵᠠᠯᠭᠢᠨ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠲᠠᠷᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠪᠥᠬᠡᠪᠢᠯᠢᠭ ᠭᠡᠭᠴᠢ ᠶᠡᠬᠡ ᠬᠦᠴᠦᠲᠡᠨ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤᠤᠯ ᠠᠴᠠ ᠲᠠᠶᠢᠬᠠᠷ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠠᠪᠴᠤ ᠡᠭᠦᠷᠴᠢ ᠴᠠᠭᠠᠨ ᠳᠠᠪᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠲᠡᠷᠡ ᠠᠭᠤᠯᠠ ᠶᠢᠨ ᠣᠷᠣᠢ ᠠᠴᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠷᠤ ᠰᠢᠳᠡᠨ ᠳᠠᠷᠤᠵᠠᠢ᠃ ᠢᠩᠭᠢᠭᠡᠳ ᠡᠨᠡ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠡᠬᠢᠯᠡᠭᠡᠳ ᠲᠠᠷᠢᠬᠢ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠬᠤᠪᠢᠷᠠᠵᠤ ᠲᠠᠶᠢᠬᠠᠷ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠭᠡᠬᠦ ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃ ᠪᠥᠬᠡᠪᠢᠯᠢᠭ ᠲᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠡᠭᠦᠷᠴᠢ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠢᠪᠡᠷ ᠲᠦ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠠᠮᠠᠨ ᠳᠤ ᠬᠡᠰᠡᠭ ᠵᠠᠭᠤᠷ᠎ᠠ ᠠᠮᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠭᠡᠨ᠎ᠡ᠃ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠲᠡᠨᠳᠡ ᠡᠴᠡ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠡᠭᠦᠷᠴᠢ ᠪᠣᠰᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠢᠦ - ᠴᠠ ᠭᠡᠵᠦ ᠳᠠᠭᠤᠤ ᠠᠯᠠᠳᠠᠨ ᠪᠣᠰᠤᠭᠰᠠᠨ ᠤᠴᠢᠷ ᠤᠭ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ ᠰᠢᠦ - ᠱᠠ ᠰᠢᠪᠡᠷ ᠲᠦ ᠭᠡᠵᠦ ᠨᠡᠷᠡᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠮᠥᠨ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠰᠡᠭᠦᠯ ᠴᠤᠬᠤᠶᠢᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ ᠬᠡᠰᠡᠭ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠰᠡᠭᠦᠯ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠠᠪᠴᠠᠢ᠃ ᠬᠣᠵᠢᠮ ᠲᠡᠷᠡ ᠠᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠵᠣᠣ ᠨᠢᠷᠤᠭᠤᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠰᠠᠶᠢᠳ ᠸᠠᠩ ᠤᠨ ᠬᠦᠷ᠎ᠡ ᠶᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠣᠶᠢᠲᠤ ᠲᠠᠮᠢᠷ ᠤᠨ ᠬᠥᠪᠡᠭᠡᠨ ᠳᠦ ᠤᠷᠢᠳᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠨᠢ ᠡᠭᠴᠡᠬᠡᠨ᠂ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠰᠢᠷᠡᠭᠡ ᠰᠢᠭ ᠲᠡᠭᠰᠢᠬᠡᠨ ᠬᠠᠳᠤᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ ᠪᠤᠢ ᠪᠥᠭᠡᠳ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠲᠠᠪᠤᠨ ᠲᠡᠭᠡᠭ ᠭᠡᠵᠦ ᠨᠡᠷᠡᠯᠡᠬᠦ ᠠᠵᠡᠢ᠃ ᠪᠥᠬᠡᠪᠢᠯᠢᠭ ᠲᠦ ᠠᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢ ᠳᠠᠷᠠᠰᠤᠨ ᠤ ᠪᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠲᠡᠭᠦᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠠᠮᠢᠷ ᠤᠨ ᠭᠣᠣᠯ ᠤᠨ ᠤᠰᠤ ᠪᠠᠷ ᠭᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠤᠭᠢᠶᠠᠨ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠭᠡᠳᠡᠭ᠃

1/04/2021

Ээж хайрхан уулын домог


Эрт урьдын  цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум  Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтээгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй  бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Ингээд л энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон  Аж богд хаан тус тусдаа бүсгүйг залжээ.

Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:

-Уг нь сайхан ноён байжээ. Одоо хөгширч буурал суусан байна гээд голжээ.


Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна.

Харин Аж богд,

-Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнээ.

Гоо бүсгүй алинтай нь ч суухаа больё зөвхөн төрсөн нутагтаа л харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя гэж боджээ.

Аж богд сэрээд:

-Хатан хайрхан хайчсан бэ? гэж асуув

-Буцсан гэхэд

-Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ.

Гоо бүсгүй жаахан амрахаар гэдэргээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ.



Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн.

- Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү.  Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндийх гэсэн боловч чадсангүй гэнэ. Тэгэхэд нь гоо бүсгүй:

- Би даанч яав даа миний багын найз Суман хайрхан ялдам нүдээрээ харж байна. Харц харцтайгаа суудаг байж гэж сүүлчийн удаа нэмж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юм санжээ. Ингэж "Ээж хайрхан уул"үүссэн домогтой юм гэнэ лээ.