1/16/2021

Тайхар чулуу

 


Эрт цагт аврага могой газраас хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэг гэгч их хүчтэн Булган уулаас Тайхар чулууг авч үүрч Цагаан даваагаар давж тэр уулын оройгоос могойн толгой руу шидэн даржээ. Ингээд энэ чулууг эхлээд Тархи чулуу гэж хэлдэг байсан нь хувирч Тайхар чулуу гэх болжээ.  Бөхбилэгт уул чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд хэсэг зуур амарсан гэнэ.  


Тэгээд тэндээс чулуугаа үүрч босохдоо шүү - чаа  гэж дуу алдан боссон учир уг газрыг Шүү - шаа Шивэрт гэж нэрлэжээ. Мөн могойн сүүл цухуйсан газрыг хэсэг чулуугаар дарсан бөгөөд Сүүл толгой хэмээх нэр авчээ. Хожим тэр аврага могойн зоо нуруун дээр Сайд вангийн хүрээг байгуулсан байна. Хойт Тамирын хөвөөнд урд тал нь эгцхэн, дээрээ ширээ шиг тэгшхэн хадан хошуу бий бөгөөд түүнийг Таван тээг гэж нэрлэх ажээ. Бөх билэгт аврага могойг дарсныхаа дараа түүн дээр Тамирын голын усаар гараа угаан ариутгасан юм гэдэг. 

ᠡᠷᠲᠡ ᠴᠠᠭ ᠲᠤ ᠠᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠴᠠ ᠬᠠᠮᠤᠭ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠢ ᠵᠠᠯᠭᠢᠨ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠲᠠᠷᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠪᠥᠬᠡᠪᠢᠯᠢᠭ ᠭᠡᠭᠴᠢ ᠶᠡᠬᠡ ᠬᠦᠴᠦᠲᠡᠨ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤᠤᠯ ᠠᠴᠠ ᠲᠠᠶᠢᠬᠠᠷ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠠᠪᠴᠤ ᠡᠭᠦᠷᠴᠢ ᠴᠠᠭᠠᠨ ᠳᠠᠪᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠲᠡᠷᠡ ᠠᠭᠤᠯᠠ ᠶᠢᠨ ᠣᠷᠣᠢ ᠠᠴᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠷᠤ ᠰᠢᠳᠡᠨ ᠳᠠᠷᠤᠵᠠᠢ᠃ ᠢᠩᠭᠢᠭᠡᠳ ᠡᠨᠡ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠡᠬᠢᠯᠡᠭᠡᠳ ᠲᠠᠷᠢᠬᠢ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠬᠤᠪᠢᠷᠠᠵᠤ ᠲᠠᠶᠢᠬᠠᠷ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠭᠡᠬᠦ ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃ ᠪᠥᠬᠡᠪᠢᠯᠢᠭ ᠲᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠡᠭᠦᠷᠴᠢ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠢᠪᠡᠷ ᠲᠦ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠠᠮᠠᠨ ᠳᠤ ᠬᠡᠰᠡᠭ ᠵᠠᠭᠤᠷ᠎ᠠ ᠠᠮᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠭᠡᠨ᠎ᠡ᠃ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠲᠡᠨᠳᠡ ᠡᠴᠡ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠡᠭᠦᠷᠴᠢ ᠪᠣᠰᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠢᠦ - ᠴᠠ ᠭᠡᠵᠦ ᠳᠠᠭᠤᠤ ᠠᠯᠠᠳᠠᠨ ᠪᠣᠰᠤᠭᠰᠠᠨ ᠤᠴᠢᠷ ᠤᠭ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ ᠰᠢᠦ - ᠱᠠ ᠰᠢᠪᠡᠷ ᠲᠦ ᠭᠡᠵᠦ ᠨᠡᠷᠡᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠮᠥᠨ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠰᠡᠭᠦᠯ ᠴᠤᠬᠤᠶᠢᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ ᠬᠡᠰᠡᠭ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠰᠡᠭᠦᠯ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠠᠪᠴᠠᠢ᠃ ᠬᠣᠵᠢᠮ ᠲᠡᠷᠡ ᠠᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠵᠣᠣ ᠨᠢᠷᠤᠭᠤᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠰᠠᠶᠢᠳ ᠸᠠᠩ ᠤᠨ ᠬᠦᠷ᠎ᠡ ᠶᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠣᠶᠢᠲᠤ ᠲᠠᠮᠢᠷ ᠤᠨ ᠬᠥᠪᠡᠭᠡᠨ ᠳᠦ ᠤᠷᠢᠳᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠨᠢ ᠡᠭᠴᠡᠬᠡᠨ᠂ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠰᠢᠷᠡᠭᠡ ᠰᠢᠭ ᠲᠡᠭᠰᠢᠬᠡᠨ ᠬᠠᠳᠤᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ ᠪᠤᠢ ᠪᠥᠭᠡᠳ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠲᠠᠪᠤᠨ ᠲᠡᠭᠡᠭ ᠭᠡᠵᠦ ᠨᠡᠷᠡᠯᠡᠬᠦ ᠠᠵᠡᠢ᠃ ᠪᠥᠬᠡᠪᠢᠯᠢᠭ ᠲᠦ ᠠᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢ ᠳᠠᠷᠠᠰᠤᠨ ᠤ ᠪᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠲᠡᠭᠦᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠠᠮᠢᠷ ᠤᠨ ᠭᠣᠣᠯ ᠤᠨ ᠤᠰᠤ ᠪᠠᠷ ᠭᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠤᠭᠢᠶᠠᠨ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠭᠡᠳᠡᠭ᠃

No comments:

Post a Comment