4/19/2016

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой (5).


...
Аяа бас, тусын хариуд хор хийх хүн олон.
   Ачийн хариуг мэдэх хүн цөөн.
   Хилэнцийг мэдэвч хийх хүн олон.
   Номыг мэдэвч бүтээх хүн цөөн.
   Сүсэглэвч зарлигийг үл авах хүн олон.
   Гэмтнийг үзэвч хагацаж чадах хүн цөөн.
   Зовлонг танивч үл сэргийлэх хүн олон.
   Жаргалыг хүсэвч сайн явах хүн цөөн.
   Зусар үг хэлбээс баярлагчид олон.
   Өөрийн гэмийг хэлбээс үл гомдогчид цөөн.
   Эрхэлж муу үгээр тогловоос хадгалагчид олон.
   Энэрч харамгүй сургаваас авагчид цөөн.
Аяа бас, адис авахын урьд, сайн мууг шинжинэ.
   Эрдмийг авахын урьд гэмийг харна.
   Албанд явахын урьд өөлж туршина.
   Өөрөө гарсны сүүлд юу гэхийг туршина.
   Хүнд өгөхийн урьд үгүй хэмээн туршина.
   Хүнийд очихын урьд хэн буйг асууна.
   Сүжиглэхийн хамт сэжиг төрнө.
   Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ.
   Саданд учрахын хамт дайсныг асууна.
   Амгалан бүтээхийн хамт зовлонг эрнэ.
   Үнэн хэлэхтэй хамт худал үгээр чимнэ.
   Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна.
...

4/12/2016

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой (4).


...
Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна.
Энэрэгч ламыг дуудавч зайлна.
Чөлөө үгүй боловч жил бүр будаа авахаар явна.
Чөлөө байвч авралын оронд мөргөхөөр үл явна.
Дээдсийг асуувч үл хэлнэ.
Амрагыг эс асуувч шивнэнэ.
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ.
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ.
Дээдэстэй зөрчинө. Нөхөдтэй тэмцэнэ.
Доордсыг дарлана.
Аргатай нь авна. Аргагүй нь алдана.
Сайн хүн ганцаардана. Шалиг хүн омогтой болно.
Олонтой учрахдаа ярина. Ганцаар явахдаа дуулна.
Үнэн үгтэн омогтны тоонд орно. Башир үгтэн цэцний суудалд сууна.
Эд эвдрэхийг хайрлана. Эв эвдрэхийг үл хайрлана.
Салалцаад гаслалцана. Учралдаад хууралцана.
Хүний муу хэлэхээс айна. Сүнс зовохоос үл айна.
Зововч хичээлийг мэлзээнд гаргана.
Жаргах боловч шамдлыг итгэл уншихын төдий үл үүсгэнэ.
...


4/08/2016

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой (3).


Аяа бас, шавь хүн ламыг үл ойшооно.
   Түүнчлэн хөвгүүд нь эцгийн үгийг үл сонсоно.
   Хүүхэн хүн эхийн сургаснаар үл явна.
   Хөвгүүн бээр хураахаас тархаахыг үйлдэнэ.
   Хүүхэн хүн эцэг эхээс эрийг илүү өргөнө.
   Залуу нь хөгшнөө басна.
   Хөгшин нь залуугаа үл тооно.
   Идэрүүд нь хал барина.
   Настнууд нь далд орохыг хүснэ.
Аяа бас Үйлийг өр мэт үл нягтлана.
   Номыг самуун үг мэт үл дурсана.
   Үхэхийг унтахын төдий үл санана.
   Рашааныг умдааны төдий үл хэрэглэнэ.
   Судрыг мөнгө мэт үл хадгална.
   Сайн үгийг сонсовч мартана.
   Муу үгийг алба мэт зарлана.
   Авах болбоос уул мэт боловч чамлана.
   Өгөх болбоос нэгэн фун ч болов харамлана.
   Цухалдбаас өөрөө ч болов боож үхнэ.
   Нөхцбөөс хүний төлөө байхад юмаан ч болов барна.
   Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ.
   Хилэнцэт үйлэнд аяндаа мэргэшнэ.