11/22/2010

Гэр (хөх судараас)

          
Гэр

Эсгийгээр бүрхсэн гэр чинь
Эрдэмт дээд ордон болтугай
Эрдэмт ордонд суусан эзэн чинь
Эрх хүчин нэмэгдэж ийн жарган атугай
Босгот гэрийн үүднээс
Буянт булаг дэвлэн
Боржигид язгуурт тэнгэрлэг эзэн минь
Булт бүхнийг эзлэн суух болтугай.

          

Магнагаар бүрхсэн өргөө чинь
маш дээд орон болтугай.
Манжлагат хөшигт суусан манай эзэн
Магадаар дэлхий дахиныг эзэлтүгэй.
Тажаар дотолсон өргөө чинь

               
Тансаг сайхан харш болтугай.
Тавтайяа дотор суугч бидний эзэн
Тасархай их хаан сууринд суутугай.
Тоононд агсан гэрийн сахиусанд
Тунамал рашааны сацал өргөмү
Дотор оршсон эрхэт эзнийг минь
Тотгор үгүйеэ жаргалант болгон соёрх.
Хоймор агсан ширээ суудлын эздэд
Хотол бүрэн рашааны сацал өргөмү.
Хос сайхан дөрвөн хөлт сандлаа
Хол уртад бат болгон зохио.

Хөх судар I  <122 тал>

11/04/2010

Автай сайн хаан (2)


Бөгсийн даваа нэртэй болсон гэдэг.
    За тэгээд сүм дуганаа барьчихаад, Далай лам тэр сарын тэдний өдөр ирж аравнайлж өгнө гэсэн тэр өдөр нь ч яг болж, алга болохоор уур нь хүрч хурдан цагаан морио эмээллэж, хуяг дуулга агсаад мордох гэж байтал бороо орох янзтай малгайн чинээ хар үүл гарснаа юу юугүй ойртож ирээд намрын цатгалан адууны хомоолын дайтай халтар арвайгаар бороо орж.
    - Аа энэ чинь ингэж аравнайлах байсан юмаа гээд явахаа саатсан гэдэг.
    Тэр арвайнаас манай нутагт Насан хувьтай тайжийнд нэг байдаг байсан.
    Тэрнээс хойш Автай хаан Баруун Хайрхан гэдэг газар ав хөөж явсан. Тээр баруун дор нь утаа гарч гэнэ. (Энэ юун утаав? үзээд ир) гэж нэг хүн давхиулсан.
    Явсан хүн ч түр удалгүй хүрч ирээд:
    - Нэг муухай царайтай хув орог зүстэй хүн гурван чулуу тулаад хар цай чанаж сууна гэж хэлж ирж. Автай хаан:
    - Аа тэр хүнтэй уулзана гэж тэрлүү давхилдцагааж.
    Тэгсэн Автай хаан мориноос буумагц мөргөж адис авч байна гэнэ. Хар цайнаас нь ууж, хар модон аяганаас нь будаа идэж байх юм гэнэ. (Энэ хаан чинь энэ муухай амьтнаас сэжиглэхгүй, эгээ

солиороогүй бололтой билээ) гэж албат нар нь гайхаж байж.
    Тэр хув орог хүн хэлж байна гэнэ. (Ханджамц хатныг миний энэ голомтон дээр хөнгөрүүлнэ шүү) гэж, Авдай ч (За за) л гэж байх юм гэнэ.
    Тэгээд түр удал ч үгүй Түшээт ханы Ханджамц хатан хөл хүнд болж тэр газар хөнгөрүүлэхээр авч очсонсон. Нөгөө газар нь нэг өнжгөө зулзгалаад 8 зүйл өнгийн зулзгатай өөрийнхөө хамт есөн зүйлийн амьтан байж байна гэнэ. Тэрний нь зайлуулаад хөнгөрсөн хүү гарсан гэнэ. Халхын дөрвөн хаанаас бэлэг ирүүлсэн ба Цэцэн ханаас гэгээн цолоо өргөж ган бүстэй өлний явуулсан гэлцдэг юм. Тэр есөн зүйл гэдэг нь хуучин Илдэн вангийн хошууны нутаг. Сүүлдээ хувираад (Усан зүйл) болсон юм. Өндөр богдыг ингэж мэндэлсэн гэлцдэг. Тэр есөн зүйлийн хавьд үнс шиг жижиг саарал толгой байсан гэдэг. Түүнийг Өндөр богдын чихэвчний үнс гэж ярьдаг байсан.
    Тэр газардаа одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутагт л байхдаа.

(Үлгэрч Жанчивын Очироос тэмдэглэж авч (х.202))

Автай сайн хаан (1)



   Автай сайн хаан Баруун хайрханы шилээр албат иргэдээсээ дагуулж ан гөрөө хөөж яваад өрөөсөн хөл нь хавджээ. Ингэж байтал тэртээ хол гал гялтганаж харагдахад, (Энэ эзгүй цөл, усгүй шилд юун гал байх билээ?) гэж давхилдан очсонд гэзэг үс нь сэгсийсэн муухай царайны хоёр хүн байна гэнэ.
    Та нар хаанахын хэн гээч хаачиж яваав?
гэж загнаад явуулчихжээ.
    Тэгээд тэр хоёрын байсан газар түр суутал Автай  хааны хөлийн хавдар намдаж,
    Аа энэ учиртай улс явсан байна.
Тэр хоёр хүнийг олж ир гэж зарлиг буулгаад, ойр хавьд эрээд ер олдсонгүй. Харин нэг хүн жингэр жингэр хийсэн дуутай жижиг төмөр эд олж ирж. (Энэ юу гээч, хаана байдаг зүйлэв, саяын хоёр хүн юун улс вэ?) гэж мэрэгч төлөгч нараа цуглуулж асуусанд мэдэх хүн огт гарсангүй. Харин энд тэнд явж эргэл мөргөл хийж их тэнэсэн нэг өвгөн (Саяын хоёр хүн бол азар1  гэдэг, энэ дуутай төмөр бол Баруун зуу гэдэг газар байдаг (хонх) гэдэг юмаа) гэж хариулсан байна. Автай хаан энэ үгийг сонсмогц:
     - А би тэр газрыг чинь очиж үзнэ гээд хурдан



цагаан морио унаж, хуяг дуулгаа агсаж, Баруун зууд явахаар болов оо. Тэр шөнө Далай лам зэр зэвсэг агссан зэлүүд талын баатар ирж явна гэж зүүдэллээ. Маргааш өглөө нь лам нараа цуглуулж
     - За би урьд шөнө зэр зэвсэг агссан зэлүүд талын баатар, сүмд орж ирж байна гэж зүүдэллээ. Бодвол Халхын галзуу баатар ирж явах шиг байна. Тэр их дүрэмгүй хүн,  дураар нь байлгалгүй тун горьгүй. Та нар хэрэггүй, би их сүрдэж байна.
    - За та нар Шуурхай хар толгой өнгөрөөд ирвэл таван шар нохойгоо тавиад нэг үзээрэй. Тэд ямар янзтай байх нь вэ? гэж. Түр удалгүй хурдан цагаан морийг унасан хуяг дуулга агссан баатар шинжийн хүн ирлээ гэж хэл ирж, таван шар нохойгоо тавиадахсан, өмнө хойно нь гарч эрхэлж тоглоод яах ч үгүй байж.
    - За тэгээд Автай хаан далай ламд хар хадаг барьж мөргөж гэнэ.
    - Чи яагаад над хар хадаг барьж мөргөж байгаа билээ гэсэнсэн.
    - Би төрийн хар хүн. Ном шашин гэгчий чинь мэдэхгүй гэжээ.
    - За тэгвэл шашин, бурхан шүтээн гэгчийг үз гэж далай лам хэлжээ. Үзэж ирээд ном шашин үзлээ гэж цагаан хадаг барьж мөргөж байна гэнэ.
     Автай  хаан дараа өдөр нь:



    - За би энэ сүм дуган, бурхан шүтээнийг халхад байгуулна. Над шүтэх бурхан, тахих лам өг гэж хэлжээ.
    - Зэр зэвсэг барьсан зэлүүд талын баатар таны авна гэснийг чинь өгнө, өөрөө үзээд ав гэж байна гэнэ.
    Тэгээд дуганын дотор сууж байгаа лам нарын нь элэг рүү сэлмээ чиглүүлээд явж, цөм л цочиж гэдэргээ болж байж. Харин хамгийн арын доод мөрөнд сууж байсан өрөөсөн нүдээ дарж боосон доожоогүй муу баньд дажрахгүй сууж байна гэнэ. Тэгэхээр нь Автай хаан     - За танидгаараа муу сохрыгоо аваад явъя гэж.
    Тэр баньд хэлжээ. (Би очиход очноо. Энэ дүрээрээ очиж болохгүй. Хойноос чинь төрөл арилжиж очно) гэж хэлжээ.
    Бурхны нь мөн л элэг рүү нь сэлмээрээ чичлээд явж. Тэгсэн Гомбо гүр бурхан жаахан хөдөлж гэнэ. (Энэ нэг жаал амьтай шиг юмуудаа) гээд аваад сугавчилчихаж гэнэ. Ингээд Автай хаан нутагтаа буцаж яваад, Бөгсийн даваа гэдэгт бууж тамхи нэрж суусан ганзгалаатай бурхан нь хэлтийгаад байхаар нь аваад газар тавьчихаад тамхиа татаж дуусаад мордох гэсэн цээж нь өндөгнөөд бөгс нь газар наалдчихсан байна гэнэ. (Дургүй бөгс нь үлдэг, дуртай цээж нь яваг) гээд цээжий нь тас цавчиж авч ганзгалаад явжээ. Ингээд тэр даваа