4/08/2011

Хүдий Сэцэний хүйтэн атлаа үнэн үг.



Эрт урьд цагт Хабул гэдэг хаан хамаг Монголыг захирч байжээ. Хабул хаан бол Чингис хааны элэнц өвөг болой. Хабул хаан долоон хүүтэй. Долоон хүү нь дотно эвтэй агсан ажээ. Хабул хааны дараа хамаг Монголыг Амбагай хаан захиржээ. Амбагай хаан арван хүүтэй. Аав нэгтэй арван хүү хоорондоо хонь чоно мэт ажээ. Энэ байдлыг Хүдий Сэцэн мэдээд,

    Амбагай хааны арван хүү анхаарч наашаа сонс !
    Аглаг ууланд авлаж аргал угалз намнадаг та нар
    Аргал угалзны махыг хуваахдаа
    Алалдаан болон хагацдаг та нар
    Хабул хааны долоон хүү халуун зуур эвтэй тул
    Хамгийн хаан болно шүү
    Амбагай хааны арван хүү та нарын ааш зан муу тул
    Албат харц болно шүү !

гэж өөдөөс нь эгцлэн ширтээд үнэнийг өчжээ.

(Чой.Лувсанжав, Тангадын Галсан нарын Монгол бичиг өөрөө сурах номын уншлагын бичвэрээс, help for reading Mongolian script text, Kabul Khan, Ambagai Khan )




Лу. Алтан товч -ид:

Хүдэй сэцэн үгүүлэрүүн: Та Амбагай хааны арван хөвүүн сонс:
     Атриат уулыг авлан та
     Аргал угалзыг алам та
     Аргал угалзын махыг
     Хувилан хуваахаас улам
     Алалдан тэсхийлдэн хагацам та.
     Будант уулыг авлам та Буга согоо алам та
     Бугын махыг
     Хувилан хуваахаас улам
     Бутралдан тэсхилдэн хагацам та.
     Чулуут цөлийг авлам та
     Чихтэй, зээрийг алам та
     Чихтэй зээрийн махыг Хувилан хуваахаас улам
     Цавчилдан гөвшилдөн хагацам та.

Тэр Хабул хааны долоон хөвүүдийн ая явдал нь ийм буюу:
     Хурбихан газрыг авлан тэд
     Хуларайган (хулангийн) янзагыг алам тэд
     Хуларайган янзагын махыг
     Хувилан хувааж авахдаа
     Хуримлалдан тахилдъя хэмээгээд
     Хутагт буянт болтугай хэмээн тэд.
     Гүдэнт уулыг авлам тэд
     Хүдэр гөрөөсийг алам тэд
     Хүдэр гөрөөсний махыг
     Хувилан хувааж авахдаа
     Хүндлэлдэн дайлалдъя хэмээж
     Хүсэх мэт сайхан үгээ үгүүлэлдэм тэд.
...


1 comment:

  1. Баярлалаа.
    Нэг санал байна: хуучин үгийг заавал Ажугу, байжухуй гэхгүйгээр ажэй байж ээ гэж бичвэл хүмүүс уншихдаа төвөгшөөхгүй тэгээд л эртний олдвор шиг санагдаж хашрахгүй юм болов уу?

    Зав гарвал ганц нэг юм бичиж нийтлэхийг бодно оо. Даанч харамсалтай нь амлаж чадахгүйн ээ.

    ReplyDelete