7/29/2010

Шувуун саарал (1)




Д.Нацагдорж

                         Шувуун саарал


      Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос
үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь
яахин даруй танигдана.
     Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл,
хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон
үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна.


2
      Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож,
овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан
байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан,
ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө







ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш 
сэжих  нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр 
чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг
баясгана.



3
      Энэ үед удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг 
гайхан магтах бөгөөд шувуун саарал гэж нэрийдэн, Сүрэнхүүгээс 
шалж, өдий төдий залуу тарган морины үнэ хаялцана.
       Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгvй гэнэ. 
Цугаар нэг зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод, оройн 
шар наранд зүг зүг, гэр гэртээ хоёр гурваараа нийлэлдэн, 
ярилцан исгэрэлдэн одоцгооно.









4
      Үүрийн хаяа гэгээрэхэд хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр 
намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. 
Гэтэл Сүрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод баруун зүг 
одов.



5
     Өглөөний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ.
Сүрэнхүү хөндлөн сууж, холхи газрыг зорин, энэ үдэш нэг 
юманд яарна.
     Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг өдөрт хүрэхээр 
тэмүүлэн хатирна.