11/26/2013

Төр хэмээх үгийн учир


 ᠲᠥᠷᠦ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠦᠭᠡ ᠶᠢᠨ ᠤᠴᠢᠷ ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠬᠡᠯᠡ ᠨᠢ ᠤᠭ ᠭᠠᠷᠤᠯ ᠶᠢᠠᠷ ᠶᠢᠠᠨ ᠠᠯᠲᠠᠢ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠤᠨ ᠬᠡᠯᠡ ᠳᠦ ᠪᠠᠭᠲᠠᠳᠠᠭ᠃ ᠮᠣᠩᠭᠤᠯ᠂ ᠲᠦᠷᠦᠭ᠂ ᠮᠠᠨᠵᠤ ᠲᠦᠩᠭᠦᠰ ᠵᠡᠷᠭᠡ ᠬᠡᠯᠡ ᠨᠦᠭᠦᠳ ᠡᠷᠳᠡ ᠴᠠᠭ ᠲᠤ ᠨᠢᠭᠡ ᠬᠡᠯᠡ ᠪᠠᠢᠢᠭᠰᠠᠨ ᠬᠡᠮᠡᠨ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠨᠡᠢᠢᠲᠡ ᠳᠦ ᠨᠢ 《ᠠᠯᠲᠠᠢ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠤᠨ ᠬᠡᠯᠡ》 ᠭᠡᠵᠦ ᠨᠡᠷᠡᠯᠡᠳᠡᠭ ᠪᠤᠢ᠃ ᠲᠥᠷᠦ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠦᠭᠡ ᠡᠷᠲᠡᠨ ᠦ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠲᠦᠷᠦᠭ ᠬᠡᠯᠡᠨ ᠳᠦ 《 ᠲᠥᠷᠦ》(төрү) ᠂ ᠮᠠᠨᠵᠤ ᠬᠡᠯᠡᠨ ᠳᠤ 《ᠳᠥᠷᠥ》(доро) ᠭᠡᠳᠡᠭ ᠪᠦᠭᠡᠳ ᠣᠳᠬ᠎ᠠ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶᠣᠰᠤ ᠪᠣᠯᠠᠢ᠃
1717 ᠣᠨ ᠳᠤ ᠪᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ 《ᠬᠣᠷᠢᠨ ᠨᠢᠭᠡᠲᠦ》 ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠦ ᠲᠠᠢᠢᠯᠪᠤᠷᠢ ᠲᠣᠯᠢ ᠳᠤ ᠲᠥᠷᠦ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠦᠭᠡ ᠶᠢ ᠲᠠᠢᠢᠯᠬᠤ ᠳᠠᠭᠠᠨ 《ᠬᠡᠪ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠰᠦ᠂ ᠶᠣᠰᠤᠯᠤᠯ ᠬᠠᠦᠯᠢ ᠶᠢ ᠲᠥᠷᠦ ᠪᠤᠶᠤ ᠶᠣᠰᠤᠨ ᠬᠡᠮᠡᠨ᠎ᠡ》 ᠭᠡᠰᠡᠨ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠪᠦᠭᠡᠳ 《 ᠶᠣᠰᠤ ᠶᠣᠮᠪᠤᠭᠤᠷ᠂ ᠲᠦᠷᠦ ᠲᠥᠮᠪᠦᠭᠡᠷ》 ᠬᠡᠮᠡᠨ ᠵᠦᠢᠷᠯᠡᠨ ᠬᠣᠷᠰᠢᠨ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠪᠢᠯᠡ᠃
ᠣᠷᠴᠢᠨ ᠴᠠᠭ ᠤᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠳᠦ ᠡᠷᠳᠡᠨ ᠦ 《ᠶᠣᠰᠤᠨ》 ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠣᠳᠬ᠎ᠠ ᠨᠢ ᠪᠦᠳᠡᠭᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠂ ᠭᠣᠣᠯ ᠲᠥᠯᠦᠪ ᠤᠯᠤᠰ ᠭᠦᠷᠦᠨ ᠦ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢ ᠪᠠᠷᠢᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠂ ᠤᠯᠤᠰ ᠢ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠬᠤ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠵᠡᠷᠭᠡ ᠶᠢ ᠨᠡᠷᠡᠯᠡᠬᠦ ᠪᠣᠯᠵᠡᠢ ᠃

Монгол хэл нь уг гарлаараа Алтай язгуурын хэлэнд багтдаг. Монгол, түрэг, манж түнгүс зэрэг хэлнүүд эрт цагт нэг хэл байсан хэмээн үзэж, нийтэд нь "Алтай язгуурын хэл" гэж нэрлэдэг буй. Төр хэмээх үг эртний монгол түрэг хэлэнд "төрү" манж хэлэнд "доро" гэдэг бөгөөд утга нь төр ёс болой.
1717 онд барласан " хорин нэгт" хэмээн монгол хэлний тайлбар тольд төр хэмээх үгийг тайлахдаа "хэв хэмжээс, ёслол хуулийг төр буюу ёс хэмээнэ" гэсэн байдаг бөгөөд "ёс ёмбогор, төр төмбөгөр" хэмээн зүйрлэн хоршин хэлдэг билээ.
Орчин цагийн монгол хэлэнд эртний "ёсон" хэмээх утга нь бүдэг болж, гол төлөв улс гүрний дээд эрх мэдлийг барих ёс, улсыг засаглах тогтолцоо зэргийг нэрлэх болжээ.

Ш.Чоймаа, Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм номоос,