8/03/2012

Морь хүний унаа болсон нь

Домог үлгэрийг уншаад, өгүүлбэрүүдийг зөв дараалалд оруулж кириллээр бичнэ үү?


Эрт цагт адуун сүрэг хээр талд онгон зэрлэг бэлчдэг байжээ. Нэгэн удаа бугын сүрэг адууны бэлчээрийг далхалж өвсийг нь идчихжээ. Адуун сүрэг ихэд уурлав. Тэднээс нэг морь өс авахаар бугыг хөөсөн боловч гүйцсэнгүй гэнэ. Морь учиргүй хилэгнэж: 
- Бугаас яаж өсөө авах вэ? гэж хүнээс асууж гэнэ.
Хүн-би чамайг унаж, бугаас өсийг чинь авч өгье. Чи миний амгай зуузайг даах уу? гэжээ. Морь бугаас өшөө авч л байвал бусад нь яах вэ? гэж бодон хүний хэлснийг зөвшөөрлөө. Хүн моринд амласан ёсоор буга намнаж, тэр цагаас хойш морь хүний унаа болсон юм гэнэ билээ.

С.Сувдангэрэлд их баярлалаа.

7/24/2012

Отгонтэнгэр уул


Хангай нурууны ноён оргил нь 4021 метр өндөр. Түүний 3752 метрээс дээш мөнх цастай. Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн тахилгатай уулын нэг юм. "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр дэлхийн байгалийн үнэт өвөөр бүртгэн авсан байна. Монголчууд Отгонтэнгэр ууландаа идээ цайныхаа дээжийг өргөн, сүслэн залбирч, амь насаа даатган, буян хишиг хүссээр ирсэн уламжлалтай. Отгонтэнгэр уулын эргэн тойронд 8 цэнгэг нуур, 5 зүйлийн арц, олон төрлийн ургамал, ан амьтан, элдэв өвчнийг анагаах халуун рашаан зэрэг гайхаж биширмээр, сонин содон зүйл их.

7/03/2012

Алтан Хөхий уул


Алтан хөхий уул нь Монгол орны баруун хэсэг Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутагт оршдог баруун хойноос зүүн урагш чиглэн тогтсон сүрлэг уул юм. Алтан хөхий уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3350 метр өндөрт өргөгдсөн өндөр хөхий уул юм. Ус ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгс, өгөгч шим арвинтай, сайхан уул байдаг. Цагаан сарын шинийн нэгний өглөө овоон дээр гарч сангийн тавиад Алтайн магтаал хайлж, уулын эзнийг дуудан буулгасны дараа өвгөд хөгшидтэйгөө золгодог байж ээ.

6/29/2012

Суварга хайрхан уул



Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байдаг. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн Хангайн уулархаг бүсэд багтдаг. Суварга хайрхан уулын урд энгэрээс Орхон, араас нь урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг энэхүү уулын зүүн талд орших Жаран төгрөг (цөнхөрөг) уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо бий. Уул овоог Чингис хааны их цэрэг баруун зүгт дайлаар мордохдоо босгосон хэмээн домогт өгүүлдэг. Суварга хайрхан уулд гарч мөргөсөн эр хүний хийморь сэргэж, элдэв гай барцад арилж, сайн сайхан амьдардаг хэмээсэн хуучны үг байдаг.