5/21/2021

"Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал" оршвой (12)

(Үлэмж мэргэн эс боловч омог сэтгэлгүй болбоос сургаж болно гэвэй.) 

Тэр хүн:
Тийм бөгөөс надад мэдэхэд хямд
Хийхэд хялбар
Явахад амар
Санахад томьёотой
Нэгэн сургаал айлдаж хайрламуй.
Гадна биеийн явдал
Дотоод хэлний үг
Нууц сэтгэлийн чиг
Гурвуулны ерөнхий байдлыг ямар мэт явах буй.
Гадаа амины аж төрөх
Дотоод их бага төрийн нууц явдал
Дээдийн номыг бүтээхийн зэргийг ямар мэт явах?
Жаргах цагт санах санаа
Зовох цагт хатамжлах сэтгэлийг
Надад айлдаж хайрла. Хэмээсэнд


 

2. 
Нисгэгч хүн өгүүлрүүн:
Гадаад биеийн явдал гэвэл:
Ёстныг хүндэл
Настныг баярлуул
Ачтанаа өргө.
Бачтанаас зайл.
Сайнаас бүү сал.
Садныг бүү эр.
Олныг бүү арилж.
Огт бүү харамла.
Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга.
Онц зөрүүлхэж, дээдсээс бүү сал.
Муу нөхөртэй бүү нөхц.
Зүйл бүрийн хувцас бүү өмс.
Зүг тал үгүй бүү гайхуул. 
3.
Хэлний өгүүлэх хэмээвээс:
Хэвцгийрхэж хэрүүл бүү үүсгэ.
Хэгжүүрхэж омог бүү үүсгэ.
Хэлбэрч олон янз бүү урва.
Саваагүй тохуун үг бүү хэлэлцв
Санамсаргүй үг бүү хэл.
Эвлэж муу санаатантай бүү зөвш
Эвдэрч олон зан бүү гарга.
Хордож бусдын гэмийг бүү малт.
Ховсорч хэрэггүй үг бүү зөө.
Хуурч элдэв башир бүү хэл.
Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээвэй.

 

3/10/2021

"Ах дүүс" шүлэг


С.Отгонтуяа

"Ах дүүс" шүлэг   


Нэг л эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор

Нэг л ээжийн алтан хэвлийд үр нь болж бүрэлдсэн болохоор

Нэг л гэрийн халуун голомтыг тойрч хөлд орсон болохоор

Нэг л нэрийг хан хорвоод залж овоглосон болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Зүс царай адил гэж андуурагдсан болохоор

Зан ааш ижил гэж эндүүрэгдсэн болохоор

Зөрүүд тэнэгхэн наснаасаа л сайдаж муудаж өссөн болохоор

Зүйргүй гомдлоо гэвч нулимсаа арчаад л инээдэг болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Өлсөхийн цагт хэдхэн боорцогоо хувааж идсэн юм болохоор

Өвдөхийн цагт халуун сэтгэлээ дэвсэж тойглосон юм болохоор

Өнчрөл хагацлын дунд биесээ л түшиж үлдэх юм болохоор

Өөдөсхөн багаасаа л нэгнээ бараадаж ижилдсэн юм болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Ах нь дүүгээ өмөөрч айлын бандитай нудрага зөрүүлсэн юм болохоор

Аниа нь багыгаа тэвэрч сайртай хацрыг нь үнсэж эрхлүүлсэн юм болохоор

Тоостой нүүрээ угаацгаан баярын дэнжээр гүйсэн юм болохоор

Тоонотой гэрээ дүүргэн зөнгөөрөө шуугилдаж жаргасан юм болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Нэг л хүний тэргүүн дээр цуглаж уйлах юм болохоор

Нэхэл хатуу орчлонг хамтдаа туулах юм болохоор

Үес үесхэн бодоод л үгүйлж санадаг юм болохоор

Үсэн буурал боллоо ч эгч минь дүү минь гэдэг юм болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Салаад явъя гэвч сэтгэл нь урсаж холбох

Сарниад одъё гэвч голомт нь дуудаж цуглуулах аргамжаатай улсаа бид.


1/16/2021

Тайхар чулуу

 


Эрт цагт аврага могой газраас хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэг гэгч их хүчтэн Булган уулаас Тайхар чулууг авч үүрч Цагаан даваагаар давж тэр уулын оройгоос могойн толгой руу шидэн даржээ. Ингээд энэ чулууг эхлээд Тархи чулуу гэж хэлдэг байсан нь хувирч Тайхар чулуу гэх болжээ.  Бөхбилэгт уул чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд хэсэг зуур амарсан гэнэ.  


Тэгээд тэндээс чулуугаа үүрч босохдоо шүү - чаа  гэж дуу алдан боссон учир уг газрыг Шүү - шаа Шивэрт гэж нэрлэжээ. Мөн могойн сүүл цухуйсан газрыг хэсэг чулуугаар дарсан бөгөөд Сүүл толгой хэмээх нэр авчээ. Хожим тэр аврага могойн зоо нуруун дээр Сайд вангийн хүрээг байгуулсан байна. Хойт Тамирын хөвөөнд урд тал нь эгцхэн, дээрээ ширээ шиг тэгшхэн хадан хошуу бий бөгөөд түүнийг Таван тээг гэж нэрлэх ажээ. Бөх билэгт аврага могойг дарсныхаа дараа түүн дээр Тамирын голын усаар гараа угаан ариутгасан юм гэдэг. 

ᠡᠷᠲᠡ ᠴᠠᠭ ᠲᠤ ᠠᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠴᠠ ᠬᠠᠮᠤᠭ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠢ ᠵᠠᠯᠭᠢᠨ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠲᠠᠷᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠪᠥᠬᠡᠪᠢᠯᠢᠭ ᠭᠡᠭᠴᠢ ᠶᠡᠬᠡ ᠬᠦᠴᠦᠲᠡᠨ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤᠤᠯ ᠠᠴᠠ ᠲᠠᠶᠢᠬᠠᠷ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠠᠪᠴᠤ ᠡᠭᠦᠷᠴᠢ ᠴᠠᠭᠠᠨ ᠳᠠᠪᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠲᠡᠷᠡ ᠠᠭᠤᠯᠠ ᠶᠢᠨ ᠣᠷᠣᠢ ᠠᠴᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠷᠤ ᠰᠢᠳᠡᠨ ᠳᠠᠷᠤᠵᠠᠢ᠃ ᠢᠩᠭᠢᠭᠡᠳ ᠡᠨᠡ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠡᠬᠢᠯᠡᠭᠡᠳ ᠲᠠᠷᠢᠬᠢ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠬᠤᠪᠢᠷᠠᠵᠤ ᠲᠠᠶᠢᠬᠠᠷ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠭᠡᠬᠦ ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃ ᠪᠥᠬᠡᠪᠢᠯᠢᠭ ᠲᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠡᠭᠦᠷᠴᠢ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠢᠪᠡᠷ ᠲᠦ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠠᠮᠠᠨ ᠳᠤ ᠬᠡᠰᠡᠭ ᠵᠠᠭᠤᠷ᠎ᠠ ᠠᠮᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠭᠡᠨ᠎ᠡ᠃ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠲᠡᠨᠳᠡ ᠡᠴᠡ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠡᠭᠦᠷᠴᠢ ᠪᠣᠰᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠢᠦ - ᠴᠠ ᠭᠡᠵᠦ ᠳᠠᠭᠤᠤ ᠠᠯᠠᠳᠠᠨ ᠪᠣᠰᠤᠭᠰᠠᠨ ᠤᠴᠢᠷ ᠤᠭ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ ᠰᠢᠦ - ᠱᠠ ᠰᠢᠪᠡᠷ ᠲᠦ ᠭᠡᠵᠦ ᠨᠡᠷᠡᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠮᠥᠨ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠰᠡᠭᠦᠯ ᠴᠤᠬᠤᠶᠢᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ ᠬᠡᠰᠡᠭ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠰᠡᠭᠦᠯ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠠᠪᠴᠠᠢ᠃ ᠬᠣᠵᠢᠮ ᠲᠡᠷᠡ ᠠᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢᠨ ᠵᠣᠣ ᠨᠢᠷᠤᠭᠤᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠰᠠᠶᠢᠳ ᠸᠠᠩ ᠤᠨ ᠬᠦᠷ᠎ᠡ ᠶᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠣᠶᠢᠲᠤ ᠲᠠᠮᠢᠷ ᠤᠨ ᠬᠥᠪᠡᠭᠡᠨ ᠳᠦ ᠤᠷᠢᠳᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠨᠢ ᠡᠭᠴᠡᠬᠡᠨ᠂ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠰᠢᠷᠡᠭᠡ ᠰᠢᠭ ᠲᠡᠭᠰᠢᠬᠡᠨ ᠬᠠᠳᠤᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ ᠪᠤᠢ ᠪᠥᠭᠡᠳ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠲᠠᠪᠤᠨ ᠲᠡᠭᠡᠭ ᠭᠡᠵᠦ ᠨᠡᠷᠡᠯᠡᠬᠦ ᠠᠵᠡᠢ᠃ ᠪᠥᠬᠡᠪᠢᠯᠢᠭ ᠲᠦ ᠠᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠭᠠᠢ ᠶᠢ ᠳᠠᠷᠠᠰᠤᠨ ᠤ ᠪᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠲᠡᠭᠦᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠠᠮᠢᠷ ᠤᠨ ᠭᠣᠣᠯ ᠤᠨ ᠤᠰᠤ ᠪᠠᠷ ᠭᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠤᠭᠢᠶᠠᠨ ᠠᠷᠢᠭᠤᠳᠬᠠᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠭᠡᠳᠡᠭ᠃

1/04/2021

Ээж хайрхан уулын домог


Эрт урьдын  цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум  Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтээгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй  бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Ингээд л энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон  Аж богд хаан тус тусдаа бүсгүйг залжээ.

Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:

-Уг нь сайхан ноён байжээ. Одоо хөгширч буурал суусан байна гээд голжээ.


Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна.

Харин Аж богд,

-Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнээ.

Гоо бүсгүй алинтай нь ч суухаа больё зөвхөн төрсөн нутагтаа л харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя гэж боджээ.

Аж богд сэрээд:

-Хатан хайрхан хайчсан бэ? гэж асуув

-Буцсан гэхэд

-Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ.

Гоо бүсгүй жаахан амрахаар гэдэргээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ.



Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн.

- Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү.  Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндийх гэсэн боловч чадсангүй гэнэ. Тэгэхэд нь гоо бүсгүй:

- Би даанч яав даа миний багын найз Суман хайрхан ялдам нүдээрээ харж байна. Харц харцтайгаа суудаг байж гэж сүүлчийн удаа нэмж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юм санжээ. Ингэж "Ээж хайрхан уул"үүссэн домогтой юм гэнэ лээ.