Showing posts with label Д.Нацагдорж. Show all posts
Showing posts with label Д.Нацагдорж. Show all posts

10/17/2025

Д.Нацагдорж. Дөрвөн цаг ( Намар)

 


Намрын шар нар над дээр, чам дээр тусна

Найган найгах улиралд нь бид бас найгана

Буга хандгай урамдаж уул усыг баясгахад

Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна


Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд

Идэр залуус алс газар сургууль соёлд одно

Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад

Түүний дотроо саран мишээж янагийн үлгэр шивнэнэ




Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад

Гадаа сойсон морь бөн бөн чичирнэ

Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход

Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ


Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад

Хөгшин залуусын сэтгэл бөн бөн бөмбөрнө

Шарласан модны навч хоёр нэгээ унахад

Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

5/08/2025

Д.Нацагдорж. Дөрвөн цаг(Зун)

 



                         




             
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодоход
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монгол газрын баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох нь хөндий талд яруу
Хурдан морины яралзах нь хүн бүхний бахдал

Уудам талд наадамын аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд мал сүрэг дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айрагийн үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.

3/01/2025

Д.Нацагдорж. Дөрвөн цаг (Хавар)


 Д.Нацагдорж    Хавар   


Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

7/30/2010

Шувуун саарал (2)





6
     Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын үес тул өвсний
толгой найгана.
     Өмнө биеэр хэрэн давхих гөрөөс уг ёсоор цэнгэлдээд,
долгион мэт өнгөрнө.
     Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, сүүмэлзэн сүүмэлзэн
харагдах нь Сүнжидмаагийн нутаг.



7
     Харь хошууны нутагт ороход урьд үзэгдээгүй уулс,
ус бас ч сонин.
     Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд, үе үе тохиоллдох
айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж, айраг найрын
цаг мэдэгдэвч, дайран орж зугаацах чөлөө хаана вэ?







8
     Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах их тул,
чиглэсэн зүг шунаж давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал, үдэш болтол
өглөөний хэвээр хатирсаар, нарийн сайхан дөрвөн хөл нь уул говийн
тоосыг бутруулсаар, ойр зэргэлдээ суусан нутгийн айлын
хөгшид залуус түүний барааг харж гайхна.
     Ийм сайхан морь унасан хүн хаашаа одно гэж цөм ширтсээр
хоцорно.



9
     Хурдлан давхих нь нэн их, хараахан нэг зуур эрэгцүүлэхийн
зуур далд орон, сураггvй болжээ.
     Түүнээс тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сүрэнхүүгийн
сэтгэл их л бахтай болж, Сүнжидмаагийн гэр ойртсон гэж баярлах боловч,
хуучин сар орой мандах тул, алс замын чигийг олж ядна.







10
     Цагаан гэгээ нэгэнт замхарч, үдшийн байдал бас ч хожимдсон, явах
замыг гагцхүү шувуун саарал удирджээ.
      Тэртээ уулыг зөвхөн Сүрэнхүү ширтэх боловч, гагцхүү хэдэн од
энд тэнд сүүмэлзэж, нөхөр бололцоно.
     Энэ үе Сүрэнхүү зорьсон газар чухам хаана бүхийг лавлан эрэгцүүлэхийн
зуур өмнө хажуугийн этгээдэд гэрийн оч гялалзав.



11
     Сүрэнхүү түүнийг үзэн баясч, шууд давхин одох замд торох
юм үгүй, шувуун саарлын туурайгаас байн байн гал бадарна.
     Удалгvй нэг бөглүү газарт хоёр гурван гэрийн хаяанд хүрэхийн
хамт мөн гэрээс Сүнжидмаа гарч, нохой хорих бөгөөд хасын
царай нь хав харанхуйн дунд туяа тусгана.

7/29/2010

Шувуун саарал (1)




Д.Нацагдорж

                         Шувуун саарал


      Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос
үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь
яахин даруй танигдана.
     Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл,
хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон
үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна.


2
      Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож,
овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан
байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан,
ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө







ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш 
сэжих  нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр 
чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг
баясгана.



3
      Энэ үед удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг 
гайхан магтах бөгөөд шувуун саарал гэж нэрийдэн, Сүрэнхүүгээс 
шалж, өдий төдий залуу тарган морины үнэ хаялцана.
       Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгvй гэнэ. 
Цугаар нэг зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод, оройн 
шар наранд зүг зүг, гэр гэртээ хоёр гурваараа нийлэлдэн, 
ярилцан исгэрэлдэн одоцгооно.









4
      Үүрийн хаяа гэгээрэхэд хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр 
намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. 
Гэтэл Сүрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод баруун зүг 
одов.



5
     Өглөөний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ.
Сүрэнхүү хөндлөн сууж, холхи газрыг зорин, энэ үдэш нэг 
юманд яарна.
     Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг өдөрт хүрэхээр 
тэмүүлэн хатирна.