Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

12/21/2022

Охин үрдээ(ᠥᠬᠢᠨ ᠦᠷ᠎‌ ᠡ ᠊ᠲᠦ ᠪᠡᠨ )

 

А.Лхамжавын шүлэг - ОХИН ҮРДЭЭ.


Үүрсэн зовлон өтгөрөн дарахад
Үсэнд сор нэмдэг ч гэлээ
Өнгө алаг хүний хорвоод 
Өвдөг сөхөрч болдоггүй юм шүү.
   Замган дээгүүр алхах адил
   Замбууланд амьдрах хэцүү ч гэлээ
   Заяа тавилан нэг л өдөр
   Заавал эргэж хардаг юм шүү.
Олны далайд хөвж явахад 
Онцгой жаргалтай нь олон юм шиг ч 
Оноосон тавилан ондоо болохоос
Огтоос зовлонгүй нь байдаггүй юм шүү.
   Энгүй далайд ганцаар сэлэх шиг
   Эзэнгүй мэт хорвоо ханхай ч
   Эргэж хардаг жаргалын мэлмий
   Энэхэн хорвоод байдаг юм шүү.





3/10/2021

"Ах дүүс" шүлэг


С.Отгонтуяа

"Ах дүүс" шүлэг   


Нэг л эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор

Нэг л ээжийн алтан хэвлийд үр нь болж бүрэлдсэн болохоор

Нэг л гэрийн халуун голомтыг тойрч хөлд орсон болохоор

Нэг л нэрийг хан хорвоод залж овоглосон болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Зүс царай адил гэж андуурагдсан болохоор

Зан ааш ижил гэж эндүүрэгдсэн болохоор

Зөрүүд тэнэгхэн наснаасаа л сайдаж муудаж өссөн болохоор

Зүйргүй гомдлоо гэвч нулимсаа арчаад л инээдэг болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Өлсөхийн цагт хэдхэн боорцогоо хувааж идсэн юм болохоор

Өвдөхийн цагт халуун сэтгэлээ дэвсэж тойглосон юм болохоор

Өнчрөл хагацлын дунд биесээ л түшиж үлдэх юм болохоор

Өөдөсхөн багаасаа л нэгнээ бараадаж ижилдсэн юм болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Ах нь дүүгээ өмөөрч айлын бандитай нудрага зөрүүлсэн юм болохоор

Аниа нь багыгаа тэвэрч сайртай хацрыг нь үнсэж эрхлүүлсэн юм болохоор

Тоостой нүүрээ угаацгаан баярын дэнжээр гүйсэн юм болохоор

Тоонотой гэрээ дүүргэн зөнгөөрөө шуугилдаж жаргасан юм болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Нэг л хүний тэргүүн дээр цуглаж уйлах юм болохоор

Нэхэл хатуу орчлонг хамтдаа туулах юм болохоор

Үес үесхэн бодоод л үгүйлж санадаг юм болохоор

Үсэн буурал боллоо ч эгч минь дүү минь гэдэг юм болохоор

  Энэ ах дүүс

  Энэ амин улс



Салаад явъя гэвч сэтгэл нь урсаж холбох

Сарниад одъё гэвч голомт нь дуудаж цуглуулах аргамжаатай улсаа бид.


12/21/2020

Р.Чойном : Үг




Хэн хүнтэй үг ярина гэдэг

Хэрэг дээрээ тулалдаан юм.

Халуун хүйтэн ямар ч зэвсгээс

Хатуу зөөлөн үг хүчтэй.


Үгээр хүнийг захирч болно

Үхүүлж ч болно сэхээж ч болно.

Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.

Шархлуулж бас эдгээж болно. 


Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш

Яруу уран илтгэхийн нэр биш

Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш

Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр.


Эсрэг талаа судлалгүйгээр

Эхэлж тулаанд ордоггүйн адил

Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр

Ямар үг түүнд тохируулах вэ.


Арслан заан шиг лут этгээдийг

Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй.

Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл

Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ.


Эхээс төрөхийн цорын ганцхан

Эвхмэл хутга шиг яриатай хүнийг

Дамаскийн илд шиг сүрт үгээр

Далайсны гарз шүү дээ.


Байлдааны хуягт шиг хүний урьдаас

Банз мод шиг үг хэлэх

Барын урдаас

Балиус барьсантай ижил.




6/02/2014

Тусгаар тогтнол шүлгээс (3)

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол” хэмээх шүлгээс:

Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

5/29/2014

Тусгаар тогтнол шүлгээс (2)

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол” хэмээх шүлгээс:

Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо адбиш баян сан дээр
Эгнэгтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

5/07/2014

Тусгаар тогтнол шүлгээс (1)

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол” хэмээх шүлгээс:
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

5/02/2014

Монгол соёлын алтан ганжир

Ардын уран зохиолч Т.Галсан гуай “Монгол соёлын алтан ганжир” хэмээх дөрвөн мөрт шүлэгтээ:

Наашлуулж хэлбэл мянган жилийн нас сүүдэртэй нандин судар
Цаашлуулж саравчилбал түмэн оны түүх хэлхсэн төгс шастир
Морьтны оюуныг буман жилээр нэвт хэлэлцсэн сувд сондор
Монгол бичиг мину тусгаар тогтнол туг сүлдийн маань алтан ганжир.

3/12/2012

Очирваань уул

МУИС-ийн эх бичиг судлалын тэнхимийн хананд өлгөөтэй нэгэн бичвэр. МУИС-ийн Б.Алтантуяа багш бичжээ.


Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий
Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увидаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг
Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий.

9/20/2011

Тооно


Тооно Д.Нямаа   : тогуну  д.ним_а

Хорол тооно барьсан хүнтэй : хорлу тогуну баригсан хүмүн-тэй
Хотод би гэнэт таарав : хота-ду би гэнэдтэ тагараба
Удахгүй барих гэрийн тухай : удаху-үгэи бариху гэр-үн тухаи
Урамтай бодол надад төрөв : урматаи бодол нада-ду төрөбэ

Тэр тоонын том гэдэг : тэрэ тогуну-иин томо гэдэг
Тэнгэрийн нар бүтэн багтана : /тнгри-иин/ нара бүтүн багтан_а
Барьсан хүний нь залуу гэдэг : баригсан хүмүн-и ни залагу гэдэг  
Харсан хүн цөм бахадна : харагсан хүмүн цөм бахадн_а  
Гэрээ баривал говьд бариарай : гэр-ииэн барибасу гоби-ду баригараи
Гэгээн тэнгэрийн нь тооноор хараарай : гэгэн тнгри-иин ни тогуну-бар харагараи
Мал авбал тэмээ аваарай : мал абубасу тэмэгэ абугарай
Манай нэгдлийн гишүүн болоорой : ман-у нихэдүл-үн гишигүн болугараи

Сайхан говийн нэр нь том : саиихан гоби-иин нэрэ ни тому
Саруул тооно тэнд хэрэгтэй : сарагул тогуну тэндэ хэрэг-тэи
Загийн говийн тэмээ нь олон : заг-ун гоби-иин тэмэгэ ни олан
Залуу хүн тэнд хэрэгтэй. : залагу хүмүн тэндэ хэрэг-тэи