Showing posts with label Өгүүллэг. Show all posts
Showing posts with label Өгүүллэг. Show all posts

12/01/2015

Тарвагатай танилцсан минь (3)


(Үргэлжлэл,   Л. Түдэв   ТАРВАГАТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ)

Хүч биш ухаан зарах хэрэггүй байлаа. Тарваганы эсрэг ямар ч хүчгүйдээ гуньхран хэсэг суулаа. Тарвага болохоор нүдээ гялалзуулан дээр дор хоёроосоо гогцоорсон дөрвөн махир шар соёогоо ярзайлган цахадсан хэвээр. Бид хоёрын унаж ирсэн сарлаг юу ч болоогүй юм шиг идшилж зогсоно. Түүнийг хармагц нэгэн сайхан арга оллоо. "Сарлагийн шар маш хүчтэй амьтан. Тэр лав тарвагыг суга татаж чадах биз" гэж бодогдов. Тэр даруй тарвага үүрэх гэж бэлтгэсэн сураан хавхны нэг гарнаас уяж нөгөө үзүүрийг сарлагийн баруун хөлд бөхлөв. Тэгээд сарлагийг айлган үргээлээ. Хавхтай тарвага ч суга үсрэн гарч ирлэ. Нүхнээс гармагц тарваганы багтран чарлах дуу гарав. Тэр дуунаас нь сарлаг маань үргэн зугтахдаа хавхтай тарвагыг угз татан өөр лүүгээ

аваачлаа. Тарвага ч мөчөөгөө өгсөнгүй. Сарлагийн баруун хаан дээрээс соёогоор сэнжлэн зүүгдлээ. Энэ нь сарлагийн шарыг бараг л галзууртал айлгасан бололтой. Тэр чигтээ сүүлээ годолзуулан үргэн хульжиж тоос манан татуулан одлоо. Хавхтай тарвага ч хаанаас нь зүүгдсэн тарвага ч үзэгдэхгүй байлаа. Гүйж явтал замд маань бидний хавх хэвтэж байв. Гайхан авч үзвэл цамхраа нь хугарчээ. Бид хоёр зүйрлэх аргагүй ихээр харамсан гашуудав. Зөвхөн хавх хэмхрээд зогсоогүй бас тарвага нь алга болжээ. Бодвол чөлөөлөгдөөд аль нэг нүх рүү орж зайлсан бололтой. Сарлаг маань биднээс бүрмөсөн жигшчээ. Тэр бидний дөхөөд очиход үзэн ядах мэт муухай загнан зугтааж одлоо. Баруун хаан дээрээс нь цус гоожиж хэсэгхэн газар арьс нь зулгарчээ. Бодвол тарвага сэнжлээд


байх тул нэг л сэнжилчихвэл махыг сэтлэхээс нааш салахгүй зуурчихдаг юм гэж аав хэлснийг бид хоёр дурсан бодлоо. Тарвагатай ингэж танилцаж. Тэр жижигхэн биетэй боловч амиа хамгаалан эцсийн мөч хүртэл тэмцдэг их бяртай амьтан ажээ. Эрийг нь бурхи, эхийг нь тарч, бэсрэгийг хотил бүр жижгийг нь мөндөл гэдэг юм билээ.

- Чоно гуай, чоно гуай савраа өгөөч
- Араг савраар яах нь вэ?
- Аргал түүнэ
- Аргал түүгээд яах нь вэ?
- Цавуу хайлна
- Цавуу хайлаад яах нь вэ?
- Нум сум наана
- Нум сум наагаад яах нь вэ?
- Таны толгойг тас харвая.
- Чиний толгойг хага харвана гэж бид нар чоно,


тарвага болон тоглодогсон. Тарвага чонотой үзэлцэж түүнийг сэнжлээд хэдэн хоногоор зүүгдэн явж тэмцэлдэж байсан тухай хожим ааваас сонсоод дүү бид хоёр анх тарвагатай танилцсанаа дурсан хөхрөлддөгсөн.
- Хэзээ ч ус уудаггүй, зөвхөн өвсний чийгээр амьдардаг амьтан өвөлжин унтаад, зун сэрж намаржин идээшилж амь зуудаг юм билээ.

10/26/2015

Тарвагатай танилцсан минь (2)

(Үргэлжлэл,   Л. Түдэв   ТАРВАГАТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ)

- Та хоёр миний ар талд ор. Би Банхарыг суллах гэж байна. Уурандаа хадарчихаж мэднэ гэв. Бид хоёр өвгөний ард нуугдав. Ааяа аргаа өндийлгөн авсанд Банхар ухасхийн босож сүүлээ хавчин сум мэт сунан гүйж одлоо. Бас гангинан гасалсаар явах аж.
- Хоёр дамшмаа минь, тарвага авах дуртай юм бол хол аваачиж наад хавхаа зүү. Гэрийн хаяанд зүүгээд Банхараас өөр юм орохгүй. Эсвэл хурга тугал, за тэгээд манай эмгэн ч аргал хормойлж яваад тар нарын хавханд орчихож мэднэ.
Хол аваачиж зүү! Гэж Ааяа хэлэв
- Бид хоёр үдийн хонь саах үеэр урьд үзэгдээгүй шаламгай байлаа.
- Миний хоёр хүү одоо л хүн болох нь дээ. Хонь саалгах, хурга барихдаа ийм байдаг гүйсэн.

Одоо та хоёр ороо хонь барих ч төвөггүй болоо шиг вэ? Ороо морь барих болжээ гэж ээж бид хоёрыг магтлаа. Яг энэ эгзэгтэй үеийг тохиолдуулан
- Ээжээ, үдээс хойш бид хоёр хол явж хавхаа зүүе гэж гуйв.
- Тэгээ тэг! Гэж ээж зөвшөөрлөө.
Хонь саалгаж дуусав уу, үгүй юу бид хоёр хавхаа үүрээд алга болов. Банхар мэтийн хотны нохой хүрэхээргүй хол газар очиж хавхаа зүүлээ.
Маргааш нь хавхаа эргэхсэн гэхээс сууж чадахгүй байлаа. Гэтэл их хол явах хэрэгтэй. Өчигдөр оройтож ирснээс болж ээжид загнуулсан. Яах билээ?
- Ax aa, би нэг сайхан арга оллоо. Урд ганганд дөртэй сарлаг зогсож байна. Түүнийг тэнд нь барьж унаад жалга уруудан хэнд ч үзэгдэхгүй алга болж өгөе гэж хэлэв.


Тэр сайхан завшааныг ашиглахгүй яах вэ. Бид хоёр нүд ирмэх зуур годхийн гарч жалганд орж үзвэл ус, түлээ зөөдөг номхон хөх сарлаг зогсож байлаа. Дөр иь толгойдоо эвхээстэй харагдав. Бид хоёр түүнийг худлаа эрхлүүлж байгаа барьж авмагц дээр нь давиран гарлаа. Чулуу дамжин байж түүний нуруунд хүрсэн юм. Жалга уруудан одсонд биднийг хэн ч үзсэнгүй. Хавх зүүсэн газраа хөл амар, удаж төдөлгүй хүрлээ.
- Юу вэ? Ахиад Банхар биш биз гэж дүү цочих дуугаар хэлэв. Нүхэн дээр нэг юм цовхчиж байлаа. Бид хоёр сарлагаа түшиж орхиод гэтсээр хүрч очвол нөгөө шар амьтан годосхийн нүх рүүгээ далд орлоо. Тарвага нүхэндээ далд ороод зөвхөн хавх маань нүхний амсарт тулаад гинжиндээ татагдан цухуйж байлаа.
- Ээ гялай, одоо хоёулаа түүнийг суга татан гаргаж ална гэж би хэлэв.
- Яаж алах вэ?
Нугасалж алдаг юм. Аав над зааж өгсөн гэж би мэдэмхийрээд хавхнаасаа татав. Хавх маань өчүүхэн ч хөдлөхгүй байлаа.
- Хоёулаа элбэе гэж би аргагүй дүүгийн тусламжийг хүсэв. Хоёул элбэн байдаг хүчээ гарган татав. Хөдлөхгүй байлаа.
- Тарвага ийм хүчтэй амьтан байжээ гэж бид хоёр гайхан ярилцав. Хойд хоёр хөлөөрөө нүхний хана руу жийгээд урд хөлөө цахдан толгойгоо гэдийж, шүдээ ярзайлгаж сахлаа шөрвийлгөөд ургаа мод мэт хөшчихсөн тэр тарвага бид хоёрт огт дийлдэхгүй байв. Хөлсөө гартал ноцолдоод хавхтай тарвагыг гаргаж чадсангүй.
...

10/14/2015

Тарвагатай танилцсан минь (1)

Л. Түдэв

ТАРВАГАТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ

Аав бид хоёрын зүүсэн хавханд тарвага орохгүй гурав хонолоо.
Чи бид хоёр муу зүүж дээ. Гэхдээ тэр бол хашир тарвага шүү. Долоо хоноод юу ч орохгүй бол хавхаа хий үсэргэж аваад өөр нүхэнд зүүгээрэй гэж аав захилаа. Аав аймгийн төв дээр мужаан хийдэг тул авсан чөлөөгөө дуусмагц тийнхүү буцахад нь би их гунигтай байв. Аав үйлдвэрийн ажилчин хүн болохоороо хөдөө гэртээ их ховор ирнэ. Өвөл болмогц бид нар сургуульд явах тул хөдөө гэрээ нүүлгэж аймгийн төв орж аавтай цөмөөрөө хамт өвөлжинө. Зун болмогц хүүхдүүдээ цагаан идээнд гаргана гээд ээж хөдөө гаргадагсан.
Аавыг аймаг руу явсны маргааш өглөө, би хавхаа эргэхээр гарлаа. Хавх тавьсан

газарт дөхөж явтал нүхэн дээр нэг том шар амьтан цовхорч байхыг үзлээ. Би дүүгээ дагуулж явсан юм.
- Миний дүү, тэр юу вэ? гэж би түүнээс асуулаа. Дүү маань ажигласнаа
- Мэдэхгүй ээ. Банхар юм уу даа гэв. Үнэхээр Банхар гэдэг шар нохойтой адилхан юм шиг санагдав. Хавханд маань Банхар орчихсон байвал одоо яана гэж дүү бид хоёр их айлаа. Хар хурдаараа гүйж хүрсэн чинь үнэхээр Банхар орчихсон гаслан цовхорч байлаа. Хавх минь бяцхан төмөр гинжтэй яргай гадастай хэр баргийн юм сугалж авч явахааргүй билээ.
- Одоо яах вэ гэж дүү бид хоёр гайхав.
- Ааяа өвгөнд очъё гэж дүү хэлэв.
- Хоёул хар хурдаараа гүйж Ааяа хөгшнийд очлоо. Өвгөн хийх ажилгүй тул гэрийнхээ хаяанд наранд ээгээд сууж байв.

- Хоёр дамшваа юу гэж явна? Хэмээн Ааяа гуай биднийг угтан байцааж эхлэв.
- Ааяа гуай бидний хавханд Банхар орчихсон байна. Одоо яана аа. Та салгаж өгөөч дээ.
- Юу гэнэ ээ Банхар хавханд орлоо гэнэ ээ! Тэгвэл одоо яах билээ. Нохой хавханд орохоор хавьтуулдаггүй юм даа гэж өвгөн гайхаж тасран үглэснээ яргай таягаа тулан бослоо. Өвгөн хаяанаас нэг том хунз араг авч үүрээд:
Явъя даа. Та нар тэр газраа заагаад аль, нохой орсныг бодоход хаяанд л зүүгээ биз золигнууд гэлээ.
Бид гурвыг ирэхэд Банхар бүр галзууртлаа уурлачихсан хавхыг хэмлэн уухирдаж, гийнан гасалж байлаа. Ааяа өвгөн мөрнөөсөө аргийг мултлан авч өмнөө барийд нохой руу болгоомжлон дөхлөө. Банхар архиран гасална.

Ааяа өвгөн  нилээд ойртож очтол Банхар түүн өөд ухасхийн дайрав. Дүү бид хоёр айн зугтаах гэтэл Ааяа Банхарыг аргаар хөмрөн дарлаа. Нэгэнд араг дотор хөмрөгдсөн тул Банхар хөдөлж чадахгүй болоод арагын модыг дотроос нь дэмий л мэрж байв. Хавхтай хөл нь арганд багталгүй гадна цухуйж байв. Ааяа өвгөн арган дээр бүх хүчээрээ дарж байлаа. Банхарын сарвуу нь хавчуулагдаад арган дороос дөнгөж цухуйж байлаа.
- Хоёр давшваа, тэр хавхаа салгаж ав. Би аргийг дарж бай яа гэж өвгөн тушаалаа. Бид хоёр хавхны нэг нэг гарыг барин авч сулруулан бие өөдөө татав. Ган хийх дуу гараад нохойн хөл хавх хоёр салж их хүчээр татсан бид хоёр ар тийшээ савж ойчлоо. Ааяа өвгөн дооглон инээснээ.

7/30/2010

Шувуун саарал (2)





6
     Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын үес тул өвсний
толгой найгана.
     Өмнө биеэр хэрэн давхих гөрөөс уг ёсоор цэнгэлдээд,
долгион мэт өнгөрнө.
     Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, сүүмэлзэн сүүмэлзэн
харагдах нь Сүнжидмаагийн нутаг.



7
     Харь хошууны нутагт ороход урьд үзэгдээгүй уулс,
ус бас ч сонин.
     Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд, үе үе тохиоллдох
айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж, айраг найрын
цаг мэдэгдэвч, дайран орж зугаацах чөлөө хаана вэ?







8
     Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах их тул,
чиглэсэн зүг шунаж давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал, үдэш болтол
өглөөний хэвээр хатирсаар, нарийн сайхан дөрвөн хөл нь уул говийн
тоосыг бутруулсаар, ойр зэргэлдээ суусан нутгийн айлын
хөгшид залуус түүний барааг харж гайхна.
     Ийм сайхан морь унасан хүн хаашаа одно гэж цөм ширтсээр
хоцорно.



9
     Хурдлан давхих нь нэн их, хараахан нэг зуур эрэгцүүлэхийн
зуур далд орон, сураггvй болжээ.
     Түүнээс тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сүрэнхүүгийн
сэтгэл их л бахтай болж, Сүнжидмаагийн гэр ойртсон гэж баярлах боловч,
хуучин сар орой мандах тул, алс замын чигийг олж ядна.







10
     Цагаан гэгээ нэгэнт замхарч, үдшийн байдал бас ч хожимдсон, явах
замыг гагцхүү шувуун саарал удирджээ.
      Тэртээ уулыг зөвхөн Сүрэнхүү ширтэх боловч, гагцхүү хэдэн од
энд тэнд сүүмэлзэж, нөхөр бололцоно.
     Энэ үе Сүрэнхүү зорьсон газар чухам хаана бүхийг лавлан эрэгцүүлэхийн
зуур өмнө хажуугийн этгээдэд гэрийн оч гялалзав.



11
     Сүрэнхүү түүнийг үзэн баясч, шууд давхин одох замд торох
юм үгүй, шувуун саарлын туурайгаас байн байн гал бадарна.
     Удалгvй нэг бөглүү газарт хоёр гурван гэрийн хаяанд хүрэхийн
хамт мөн гэрээс Сүнжидмаа гарч, нохой хорих бөгөөд хасын
царай нь хав харанхуйн дунд туяа тусгана.

7/29/2010

Шувуун саарал (1)




Д.Нацагдорж

                         Шувуун саарал


      Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос
үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь
яахин даруй танигдана.
     Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл,
хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон
үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна.


2
      Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож,
овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан
байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан,
ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө







ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш 
сэжих  нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр 
чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг
баясгана.



3
      Энэ үед удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг 
гайхан магтах бөгөөд шувуун саарал гэж нэрийдэн, Сүрэнхүүгээс 
шалж, өдий төдий залуу тарган морины үнэ хаялцана.
       Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгvй гэнэ. 
Цугаар нэг зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод, оройн 
шар наранд зүг зүг, гэр гэртээ хоёр гурваараа нийлэлдэн, 
ярилцан исгэрэлдэн одоцгооно.









4
      Үүрийн хаяа гэгээрэхэд хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр 
намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. 
Гэтэл Сүрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод баруун зүг 
одов.



5
     Өглөөний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ.
Сүрэнхүү хөндлөн сууж, холхи газрыг зорин, энэ үдэш нэг 
юманд яарна.
     Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг өдөрт хүрэхээр 
тэмүүлэн хатирна.