Showing posts with label Уламжлал. Show all posts
Showing posts with label Уламжлал. Show all posts

10/19/2025

Уламжлал сэтгүүл авч уншаарай.

 

Уламжлал” сэтгүүл 2016 оноос эхлэн гарч буй монгол бичгийн судалгаа, уран бүтээл, соёлын өв, хэл бичгийн боловсролд чиглэсэн соёл, боловсролын хэвлэл Уг сэтгүүл нь “монгол бичгийн соёл, өв уламжлал”, “уран зохиол, нийтлэл, шүлэг”, “соёл, түүх, зан заншил”, “хэл бичгийн боловсрол, судалгаа”, “ нийгмийн сэдэв, сурвалжлага, ярилцлага” сэдвүүдийг агуулдаг.    

Сэтгүүлийн анхны дугаарын агуулгын зарим хэсгийг МОНЦАМЭ агентлагийн мэдээллээр олж үзлээ.  

Тухайн дугаарын онцлох агуулгууд:

Төрийн шагналт, гавьяат багш Ш.Чоймаагийн “Монгол бичиг-оюуны соёлын гайхамшигт өв мөн”

Үндэсний бичиг сэргээх сангийн тэргүүн Ц.Гомбосүрэнгийн “Хоцрогдсон хэмээн орхисоор явбал хожим биднийг монгол гэдгийг юугаар нь нотлох юм бэ”

Д.Болдхуягийн “Би монгол хүн болж төрнө”

Индианагийн их сургуулийн профессор Этвүүдийн “Монголын нууц товчоо-г Мөнх хааны зарлигаар 1252 онд бичсэн”

Сэтгүүлч Э.Эрдэнэдалайн “Шамбалын орон хаана байдаг вэ”

Байнгын булангууд: “Элгэн садан”, “Хотол чуулган”, “Дэлхий ээж”, “Өмсөх өв”, “Холын хүний үгийг сонсохуй”, “Эндүүрлийг арилгахуй”, “Шилдэг нийтлэл”, “Билгийн мэлмий”, “Уран бийр-утга уянга”

Мөн “Үндэсний бичиг” нэртэй монгол бичгийн хичээл, “Цахим ертөнц” булангууд багтжээ. 

Монгол бичгээ сурсан мөн сурч буй бүх хүмүүст зориулсан өргөн агуулгатай сэтгүүлийг залуус минь авч уншаарай, сургалтандаа хэрэглээрэй. 2016 оноос эхлээд одоо ч шинэ дугаарууд гарсаар байна.

Хаяг:  Улаанбаатар хот,Утас: 99086033,

E-mail: altantsetseg@hotmail.com

Усын буртгэлийн дугаар 9073002146





11/26/2020

Гэрийн үлгэр (үргэлжлэл-2)


Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ч ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч үлгэр үүгээр дууссангүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэр орж, хөвгүүдээ тойруулан суулгаж, 

-Төрөх нэг өдөр байхад, төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсээ аав нь хадан гэртээ буцах боллоо. Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө. Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарай гээд насан өөд болжээ. 


Хөвгүүд нь урьдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. Тэгтэл нэг өдөр гэрийнх нь бүслүүр суларчээ. Бие биедээ найдсаар хэн нь ч чангалж таталгүй суутал гэр нь яйжийж унав гэнэ. Ах дүү долоо чамаас боллоо, танаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүр таарч тохирохоо больж тарж салахдаа хүрчээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахаар шийдээд хана, унь хаалга, тооно, дээвэр, туургаа салган үүрч харсан зүгтээ одоход отгон дүүд нь бүслүүрээс өөр юм үлдсэнгүй. 

Ууган хүү нэгэн газар хүрч хаалгаа босгон хэрүүл уруулгүй амар жимэр сууж байтал өдөржин хурц нар төөнөөд арай л шатаачихсангүй. Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бороо асгаж, аянга тасхийж эгээтэй л ниргэчихсэнгүй. 



Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихаж. Бас нэг нь дээвэр дороо амарч хэвттэл хуй салхи босч хуу татаад хаячихав гэнэ. Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөнө болж, араатан чоно тал талд нь архиралдаж золтой л хүү татчихсангүй. 

Униа боож овоохойлчихоод хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хойрч хөлдүүс болгох дөхөж гэнэ. Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отгон дүү нь бүр ч хэцүү байсан нь мэдээж. Тэгтэл нэг өдөр түүн дээр хана үүрсэн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тооно, унь, дээвэр, туургаа үүрсээр ар араасаа цувран айсуй. Тийнхүү долоон хүү өвгөн буурал эцгийнхээ гэрээс үгний учрыг сая л ухаарч түүнээс хойш үеийн үед сургаалтай өргөө цагаан гэрээ эвийн сүлд болгон дээдэлсээр амар сайхандаа жаргажээ.


 

11/20/2020

Гэрийн үлгэр



Монголын дээд өвөг хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан өнө эртний үед юм гэнээ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан цөмөөрөө л эвтэй сайхан амьдарч байжээ. Тэгтэл юунаас болсныг бүү мэд, нэг л мэдэхэд хоорондоо муудалцан уралцаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрэв гэнэ. Амьтад мөр мөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь усны гүнд, нөгөө хэсэг нь модны оройд гэртэй болжээ. Газар харин хүссэн бүхнээ хийж чадах ухаан гэгчийг хүнд заяажээ.  

Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэгэн өвгөн байж гэнэ. Нэгэн өдөр долоон хүүдээ,




"Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно" гэхэд хөвгүүд нь бодоод бодоод учрыг үл ухав гэнэ. 

Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хана хийв. Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нээгддэг өмнийн тооно, тал тал тийш урссан алтан цацрагнаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үүлсээс дээвэр хийх санаа олжээ. Түшилдэн ханхайсан уул нуруудын араар сансрын хүрдэн салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв ээ. 

Тэгээд өвгөн долоон хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг дэлхийн хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртэй болов гэнэ. 

Үлгэр үргэлжлэнэ 3...

6/19/2015

Уран бичлэг


Follow Erdenechimeg's board Уран бичлэг on Pinterest. 
Б.Ринчен " ...Эртний бичиг үсгийн түүх судлал, бичиг үсгийн хэлбэр дүрс, бичих янз байдал нь яаж хувирсаар ирсэн зэргийг судлах үсэг судлал, эртний бичиг зүйн ухааны үүднээс монгол бичиг судрын зүйлийг асар холгүй, ойрын ирээдүйд судлах монгол мэргэжилтэн, манай соёл шинжлэх ухааны хурдан хөгжлийн улмаас гарч ирэх нь зайлшгүй..." Монгол бичгийн хэлний зүй, тэргүүн дэвтэр, 1964
Ж.Батбаяр "Монголчуудын утга соёл, үсэг бичиг олон зуун жилийн түүхтэй хэдий ч энэ гайхамшигт эрдэнэсийн сан бүрэн судлагдаагүй судлаачаа хүлээсээр байгаа билээ. " Монгол уран бичлэгийн түүх, 2001


1/28/2014

Төрт ёс

Нүүдэлчин монголчуудын эрт дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны илрэл нь юуны өмнө эзэн тэргүүн, ах захаа хүндлэх ёс билээ. “Монголын Нууц Товчоон”-д бичсэнээр Чингисээс дээш арав дахь үеийн өвөг Бодончарын хэлсэн “бие тэргүүт, дээл захт сайн” гэдэг үг, үе үеийн монголчуудын ахас дээдэс, ёс төрөө хүндлэхийн учрыг сургамжилсан үг буюу ардын цэцэн үг болон уламжилжээ.
Монгол хэлний "төр" гэдэг үгийн нэн эртний утга нь "ёс", "хэв журам" юм. Хууль цааз гэж байгаагүй эрт үед хүмүүс хоорондын харилцааг зохицуулах гол зүйл нь нийтээр даган мөрддөг, ах зах үеэсээ залуу үе нь өвлөж авдаг хэв ёс, зан заншил, элдэв цээрийн зүйл байсан буй. Эдгээр нь бичигдээгүй хууль болж, бүх хүн сахин биелүүлдэг байжээ. Төрт ёс хэмээхийн эртнээс эдүгээ хүртэлх гол утга нь тухайн улс үндэстний тогтсон хэв ёс, хууль дүрмийг чанд сахин мөрдөхийг өгүүлж буй. 
Монголчуудын сэтгэлгээгээр төр гүрэн бол гэр бүлтэй ижил бөгөөд аль алинд нь ёс журмыг сахин байх ёстой. Ах захын ёс бол айл гэрээс авахуулаад, нийгэм бүхэлд нь хамаарах ёстой түгээмэл зарчим ажээ. Иймд гэрийн дотор бол "аав нь бүгдийн хаан" гэсэн үг. Түүнчлэн улс үндэстний дотор бол эзэн хаан нь тэнгэр эцгийн газар дээрх биелэл гэж үздэг байжээ.

Төрөө дээдлэх үзэл бол уламжлалт ёс журам, улс гүрний засан тохинуулах хууль цааз, улс гүрний эрхийг барих эрхэм хүний суурь суудлыг хүндэтгэн дагах явдал юм.

Ш.Чоймаа, Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм номоос.