4/07/2011

Бядуу оюутан


Бядуу оюутан нэгэн төрлийн амгаланг олбой.

(хэсэглэн авав)

Баян сайн бүхий цагт нь
Баярлуулахыг хүсэгчид нь бялдууч нохой мөн.
Буурал(доройтол) болохын үед нь
Баас алдтал буруулах нь журамгүй мал мөн.
Баян бүхий цагт өөрийн хувь байтал
Бялдуучлах нь ховдог их гахай мөн.
Буур ч ядрахуйд буруулан дутаагч нь ухаангүй нөхөр
Баян ядуу хоёрыг ялгамжтайгаар нөхөрлөгч нь,
Бач зусар төгөлдөр мунхаг адгуус мөн.
Буурал болон ядрахуйд чинээгээр тэтгэгч нь
Бат журам төгөлдөр сайд мөн.

help for reading Mongolian script text

4/01/2011

Өвөл



Өвөл

Д.Нацагдорж                    
Дөрвөн цаг           
                            




Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуу тодохон сонсогдоно.


Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт мал соргог үсээ гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ.


Өндөр газрын хүйтэн чимүү царцам эрчтэй
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана.


Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал ээлжилж
Уул, ус, нар, сар дөрөвтэй нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан баясаж
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.

3/29/2011

Илүү гэр – Банаг гуайнх сайн уу?



Хөдөөгийн малчин их гэрийнхээ хажууд бага гэр буюу илүү гэр барьж идээ цагаа аар саар зүйлээ хадгалдаг. Говь-Алтай аймгийн зарим суманд энэ илүү гэрийг << банаг >> гэж нэрлэдэг нь чухамдаа нэгэн зүйл майхан мэт орон сууцны төвд гаралтай нэр ажээ.


Зүүн монголын нэгэн хүн илүү гэртэй нэгэн айлд ажлаар очоод
  • Танайхтай айл байгаа чинь хэнийх бэ гэж асуужээ.
  • Үгүй энэ манай банаг гэж хариулахад нөгөө хүн
  • Банаг гуайнх сайн уу гэсэн гэдэг

3/25/2011

Бор шувуу ба хэдгэнэ



Бор шувуу ба хэдгэнэ.


Шар хэдгэнэ өөрийн эр зоригийн тухай бор шувуунд хуучилжээ. Агт морьд, амбан шар хүртэл миний хүнгэнэх дуугаар орох гарах газраа олж яддаг гэж сайрхав. Бор шувуу – гайхалтай юм даа гэж толгой дохин зөвшөөрч сууснаа өрөв хийн дайрч шар хэдгэнийг зуугаад нисчхэв. Бор шувууг үүртэй хүрч ирэхэд бяцхан шар завжид ангаахайнууд нь шаагилдан угтжээ. Эрэлхэг зоригт хэдгэнийг хэдэн хэсэг хуваагаад бор шувуу ангаахайгаа хооллочихжээ.


(Монгол бичиг 4-р анги номын хуудас 67)

3/24/2011

Намар




Намар


(Д.Нацагдорж      
Дөрвөн цаг)





Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газар сургууль соёлд одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэр шивнэнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуусын сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.