9/10/2011

Сэтгэлийг амраагч-1

Ноён хутагт Равжаагийн зохиосон “Сэтгэлийг амраагч” хэмээх сургаалаас

Ум сайн амгалан болтугай
Сэтгэлийг амраагч сонин сайхан хуурмаггүй
Итгэлт гурван эрдэнийг дурссугай. Түүний
Сүүлд янагласан нөхөр чамдаа захих минь болбоос
Нарны гэрэл хурц болоход үүлгүй болбоос нэн сайн
Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайн
Номгүй хувраг гэзэггүйгээс биш юу вэ?
Номой зантай хүн хождохоос бус юу вэ?
Норсон хадаг бэлэгт явдаггүй
Ноёнгүй албат цуугиан тасардаггүй
Сал онгоц байвч сэлэх усч хэрэгтэй
Санаа чадал байвч сайн нөхрөөс зөвшилтэй
Эмч байтугай домч ч бол тустай
Ноён байтугай нохой ч бол өмөг
Хадан дээр сийлсэн бичиг нүдтэй хүнд гэрч
Халамжилсан үг ухаантай хүнд бодомж

8/20/2011

Ухаантай хариулт

Эрт урьдын цагт нэгэн том ноён гурван хүүтэй байжээ. Гурван хүү нь ч нас бие гүйцэж. Эцэг ноён ч өтөлжээ. Нэгэн өдөр ноён гурван хүүгийнхээ ухааныг сорихоор дуудаж ирүүлээд : энэ дэлхийн хамгийн амттай, хамгийн тарган, хамгийн мэргэн нь юу вэ? Гэж асуув. Ууган хүү өгүүлрүүн: хамгийн амттай нь чихэр, хамгийн тарган нь гахай, хамгийн мэргэн нь ноён гэв. Дунд хүү өгүүлрүүн: хамгийн амттай нь зөгийн бал, хамгийн тарган нь хонь, хамгийн мэргэн нь цэцэн түшмэл гэв. Отгон хүү: хамгийн амттай нь давс юм. Учир нь давс бол хоол бүхэнд амт оруулдаг. Хамгийн тарган нь дэлхий юм. Түүн дээр бүх юм оршин байдаг. Хамгийн мэргэн нь үзэг юм. Үзгээр орчлонгийн хэрэг явдал бүхнийг тэмдэглэн бичиж ном хэмээх гайхамшгийг бүтээдэг гэжээ.