10/21/2014

Үгийн утгын нарийн ялгамжийг гаргана


Бодож нягталж бичдэг учраас оюуныг сорьдог(6)

Монгол бичгээр үгийн утга ялгаж бичиж байгаа нь монгол хүний сэтгэхүйн онцлог аж амьдрал, зан заншилтай холбоотой төдийгүй үгийн утгын нарийн ялгамжийг гаргах, бүр заримдаа үгийн өнгө аяс, найруулгын дэс ур маягийг илтгэх явдал ч байна.

Жишээлбэл гэдгийн жишээ-г мб.жишии_э  ийн бичих бол жасаа гэдэг үгийн си-г цэггүй бичиж ялгадаг. Угтаа бол монгол бичигт ши гэсэн үе байдаггүй си-ээр бичих тул цэг тавьдаггүй атал ганц "жасаа" 《мб.жисии_а》гэдэг үгэнд хоёр цэг талбидаггүй нь "жишээ"-ээс ялгаж байгаа тэмдэг юм. Өөрөөр хэлбэл цэг төдийхэн ялгах тэмдгээр үгийн утга ялгаж бичдэг нь монгол бичгийн үсэг зүйн их л нарийн систем юм.

Үгийн утгын өнгө аясыг ч монгол бичгээр ялгадаг нь гайхалтай. Жишээ нь: хүн гэдэг үгийг 2 янзаар бичих ба хүмүүн 《мб.хүмүн》гэх бичлэг нь жинхэнэ иргэншин төлөвшсөн хүнийг, харин "хүнэй" 《мб.хүнэй》 гэх бичлэг нь нийгэмшиж иргэншээгүй юмуу хүн болж төлөвшөөгүй, хүнээ алдсан тийм хүн-ийг ийн бичдэг.

Д.Баттогтохын "Монгол бичгийн гайхамшиг оршивой", номоос 87х.

10/13/2014

Үгийн салаа утга, ижил ба ойролцоо үгийг бүрэн тэмдэглэнэ.


Бодож нягталж бичдэг учраас оюуныг сорьдог(5)

Монгол бичгээр үгийн олон салаа утга, ижил ба ойролцоо үгийг бүрэн сайн тэмдэглэж болно.

Үг утга хоёр салшгүй холбоотой учир үгийг зөв бичихэд утгыг сайн бодож бичих хэрэгтэй. Бодож бичнэ гэдэг бол бодол ухааныг хөгжүүлнэ гэсэн үг. Тухайлбал: кирил үсгээр "хар" гэж бичсэн үгийг харахад чухам юуны хар вэ? гэдэг нь мэдэгдэхгүй, заавал өгүүлбэрт юмуу хам бичвэрээс сая ойлгож болно. Тэгвэл монгол бичгээр "хар" гэдэг үгийг 4 өөр янзаар бичих тул тус тус бичлэгээр нь утгыг ялгаж ойлгодог. хара-гэж сүүл а-тай бичвэл үзэж харахын, хар-а гэж орхицтой бичвэл өнгөний, хар-гэж дэвсгэрлэн бичвэл хар, хар харжигнан дуугарахын, хару-гэж бичвэл харж хусахын гэх зэрэг тус тус утгатай үг болно.

"Амар байна уу?" гэж кирилээр бичсэнийг уншихад хүний амар мэндийг асуусан утга уу, аль эсвэл энэ ажил чинь амар хялбар байна уу гэсэн утга уу гэдэг нь ялгарч өгөхгүй. Харин энэ хоёр үгийг монгол бичгээр ийн бичвэл тус тусын утга нь тодорхой болно.

Д.Баттогтохын "Монгол бичгийн гайхамшиг оршивой", номоос 85,87х.



10/06/2014

Бичгийн хэл баян байгаагийн шинж



Бодож нягталж бичдэг учраас оюуныг сорьдог(4)

Дуудлага ижил буюу ойролцоо үгийг бичлэг хэлбэрээр тус тус ялгаж бичнэ гэдэг бол тухайн бичгийн нэг чадамж давуу тал төдийгүй бичгийн хэл баян байгаагийн шинж мөн.

Хэлний үгсийн сангийн баян нь дан ганц утгатай үгээр бус үгийн салаа олон утгаар илрэх бөгөөд хэл нь үгсийн сангаар хичнээн баян байх тусам бичиг нь мөнхүү үг бүрийн утгыг илэрхийлэх чадамжтай байх ёстой болно. Ийм бол сая тэр хэлбичгийг төгс боловсронгуй, том хөгжсөн хэл гэж үзэж болох юм.
Түүнээс бус хэлний том багыг, хөгжсөн хөгжөөгүйг нь тухайн хэлээр (зөвхөн аман ярианы хэлээр үнэлэх нь өрөөсгөл) хэр олон хүн ам хэлэлцдэг вэ? гэсэн тоогоор бус тухайн хэлний утга санааг илэрхийлэх чадамж, үгийн сангийн баялаг болон үг бүтээх хувилгах ёс, бичиг үсгийн түүх соёлоор нь хэмжин хэлэлцвэл зүйтэй.

Д.Баттогтохын "Монгол бичгийн гайхамшиг оршивой", номоос 85х.

9/30/2014

Бичгээр тэмдэглэхэд хоёрдмол санаа гардаггүй


Бодож нягталж бичдэг учраас оюуныг сорьдог(3)

Монгол бичиг хэдийгээр авианы тогтолцоотой бичиг боловч бичилгээрээ үгийн олон утгыг ялгаж чаддаг тул утга бичгийн шинжтэй.

Утга бичгийн нэг давуу тал нь үг нэг бүрийн утга ба бэлгэдлээр нь өөр өөр хэлбэр журамтай бичдэг юм. Ялангуяа олон утгатай үг, ижил ба ойролцоо утгатай үгийг утга бичгээр тэмдэглэхэд хоёрдмол санаа гардаггүй тул гүн нарийн санаа бодлыг бичгийн хэлээр илрүүлэхэд ихэд тохиромжтой.

Бас монгол бичиг нь нуруунд титим, шүд, шилбэ, гэдэс, сүүл холбон ямар нэг дүрс хэлбэр үүсгэн бичих тул дүрс бичгийн шинжтэй.

Бүх гийгүүлэгчийг "А"-аар ахалсан 7 эгшгээр амилуулан үелэн бичиж уншихын хувьд үет бичгийн шинжтэй.

Иймд монгол бичиг нь дэлхийн олон үндэстний бараг бүх бичгийн гол гол шинжүүдийг хадгалсан байдгаараа гайхамшигтай.

Д. Баттогтох, Монгол бичгийн гайхамшиг оршивой, номоос 83-85х.


9/25/2014

Торлогийн Таваг ( Дагва багш )





ᠪᠣᠳᠤᠵᠤ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠵᠤ ᠪᠢᠴᠢᠳᠡᠭ ᠤᠴᠢᠷ ᠠᠴᠠ ᠣᠶᠤᠨ ᠢ ᠰᠣᠷᠢᠳᠠᠭ (2)
ᠬᠥᠳᠡᠭᠡ ᠭᠡᠷ ᠲᠡᠭᠡᠨ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ ᠠᠴᠠ ᠣᠶᠤᠲᠠᠨ ᠬᠦᠦ ᠨᠢ ᠵᠠᠬᠢᠶ᠎ᠠ
ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠳᠡᠭᠡᠨ ᠲᠡᠭᠦᠰᠬᠢᠯ ᠳᠦ ᠨᠢ 《ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ》 ᠵᠠᠬᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠭᠡᠳᠡᠭ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠳᠡᠭᠡᠨ ᠠᠯᠳᠠᠵᠤ 《ᠦᠬᠡᠷ》 ᠵᠠᠬᠢᠭᠰᠠᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠶᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠯᠠ ᠠᠪᠤ ᠡᠵᠢ ᠨᠢ ᠶᠡᠬᠡ ᠊ᠯᠡ
ᠠᠵᠢᠯ ᠪᠣᠯᠵᠤ ᠬᠦᠦ ᠳᠡᠭᠡᠨ ᠦᠬᠡᠷ ᠲᠦᠬᠦᠭᠡᠷᠡᠵᠦ ᠥᠭᠴᠦ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠥᠪᠦᠷ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠨᠣᠮ ᠠᠴᠠ ᠤᠩᠰᠢᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠰᠠᠨᠠᠵᠤ ᠪᠠᠢᠢᠨ᠎ᠠ᠃
《ᠦᠬᠡᠷ‌ ‌᠊᠊᠊  ᠦᠬᠡᠷ ᠮᠠᠯ᠂ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠊᠊᠊ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠡᠮᠡᠨ ᠪᠢᠴᠢᠳᠡᠭ》᠃
ᠪᠣᠯᠣᠭᠰᠠᠨ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠠᠴᠠ ᠡᠭᠦᠳᠦᠭᠰᠡᠨ ᠪᠠᠰᠠ ᠨᠢᠭᠡᠨ ᠢᠢᠮᠦᠷᠭᠡᠦ ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ
ᠶᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ᠃ 1930 ᠊᠊ ᠊ᠭᠠᠳ ᠣᠨ ᠤ ᠦᠶᠡᠰ ᠵᠠᠪᠬᠠᠨ ᠠᠢᠢᠮᠠᠭ ᠠᠴᠠ
ᠴᠡᠷᠢᠭ ᠲᠦ ᠳᠠᠲᠠᠭᠳᠠᠨ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠵᠠᠯᠠᠭᠤᠴᠤᠳ ᠠᠴᠠ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ
ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠬᠡᠭᠦ ᠬᠡᠳᠦᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠪᠠᠢᠢᠴᠠᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢ ᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠨᠢᠭᠡᠨ
ᠴᠡᠷᠢᠭ (ᠡᠨᠡ ᠨᠢ ᠬᠣᠵᠢᠮ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠣᠯᠳᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠬᠦᠭᠵᠢᠭᠰᠡᠨ ᠳᠠᠭᠪᠠ
ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠢᠢᠵᠡᠢ) ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠪᠢᠴᠢᠵᠡᠢ᠃ 《ᠵᠠᠪᠠᠭᠠᠨ ᠡᠭᠡᠮᠦᠭ ᠦᠨ ᠲᠣᠳᠤᠪ ᠲᠠᠢ
ᠰᠦᠮ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠳᠣᠷᠯᠤᠭ ᠤᠨ ᠲᠠᠪᠠᠭ》 ᠬᠡᠵᠦ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠬᠡᠳᠡᠭ᠃
ᠤᠭ ᠨᠢ ᠵᠠᠪᠬᠠᠨ ᠠᠢᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠲᠦᠳᠦᠪᠲᠠᠢ ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠲᠤ ᠳᠣᠷᠯᠢᠭ ᠤᠨ
ᠳᠠᠭᠪᠠ ᠭᠡᠵᠦ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠶᠣᠰᠤᠲᠠᠢ ᠠᠵᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠷ ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠪᠤᠶᠤ ᠤᠩᠰᠢᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠡᠨᠡ ᠮᠡᠲᠤ
ᠱᠣᠭ ᠶᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠨᠢ ᠨᠢᠭᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠷ ᠵᠥᠪ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠬᠢᠭᠡᠳ
ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠳᠤ ᠬᠦᠴᠢᠷᠲᠡᠢ ᠶᠢ᠂ ᠨᠥᠭᠦᠭᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠡᠴᠡ
ᠦᠭᠡ ᠶᠢᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠬᠢᠬᠡᠳ ᠪᠢᠴᠢᠯᠭᠡ ᠶᠢ ᠨᠢᠭᠳᠠᠯᠠᠨ ᠪᠣᠳᠤᠵᠤ᠂ ᠦᠭᠡ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠶᠢ
ᠡ᠊᠊᠊ᠨᠳᠡᠭᠦᠷᠡᠯ ᠦᠭᠡᠢ ᠠᠩᠬᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠰᠤᠷᠴᠤ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠬᠦ ᠶᠢᠨ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠶᠢ ᠪᠢᠳᠡᠨ ᠳᠦ
ᠰᠠᠨᠠᠭᠤᠯᠤᠨ ᠬᠡᠯᠣᠵᠦ ᠪᠠᠢᠢᠨ᠎ᠠ᠃







Бодож нягталж бичдэг учраас оюуныг сорьдог(2)

Хөдөө гэртээ хот балгасаас оюутан хүү нь захиа бичихдээ төгсгөлд нь "Өөр юм" захихгүй гэдэг санаагаа бичихдээ алдаж "үхэр" захисан тухай утгыг гаргасан тул аав ээж нь их л ажил болж хүүдээ үхэр төхөөрч өгч явуулсан нэг инээдэмтэй зүйл Өвөрмонголын нэгэн номоос уншсанаа санаж байна. (үхэр-ийг ᠦᠬᠡᠷ бичих бол өөр-гэх үгийг ᠥᠭᠡᠷ᠎ᠡ хэмээн бичдэг).
Болсон явдлаас үүдсэн бас нэгэн иймэрхүү явган яриа байдаг. 1930-аад оны үес Завхан аймгаас цэрэгт татагдан ирсэн залуучуудаас бичиг үсэг мэддэг гэх хэдэн хүнээс биеийн байцаалтаа бич гэхэд нэгэн цэрэг (Энэ нь хожим Ардын багш болтолоо хөгжсөн Дагва багш байжээ) ингэж бичжээ. "Явган ээмэгийн Тодовтой сүмийн хараат Торлогийн Таваг" гэж бичсэн гэдэг. Уг нь Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Дорлигийн Дагва гэж бичих ёстой аж.
Монгол бичгээр буруу бичсэн буюу уншсан тухай энэ мэт шог яриа нь нэг талаар монгол бичгээр зөв унших ба бичихэд хүчиртэйг, нөгөө талаар унших бичих хүнээс үгийн утга хийгээд бичлэгийг нягтлан бодож, үг утгыг эндүүрэлгүй анхааралтай сурч хэрэглэхийн чухлыг бидэнд сануулан хэлж байна.
Д. Баттогтох, Монгол бичгийн гайхамшиг оршивой, номоос 83х.