1/15/2018

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой (8).


Арван хар, таван завсаргүй тэргүүтэн, хязгааргүй муу үйл ба
Таван махбодийн хор тэргүүтэн хорлол ба
Найман зовлон тэргүүтэн зовлон ба
Хүн хийгээд хүн бусдын эрх тэргүүтэн
Энэ ертөнцийн орны аль мууг өгүүлж хаа барах

Товчилбоос
Сансрын гянданд үйлээр хүлэгдэж
Мунхагийн харанхуй дотор тачаангүйгээр согтож
Урины мэсийг бариад омгоор хүлэгдэж
Атаагаар энэлэн
Зовлонгийн эвэршээлээр эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий
Зүрхэн үгүй энэ насны  хавцгайн дотор
Авралын чагтага тасраад
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий
Уурлабаас дуу үл гарах
Баярлаваас олон үг чалчих
Ихсээс мятрах
Багад хөөрлөх
Ичгүүргүй амьтан бүгд хөөрхий
Даарваас хувцас
Халууцваас сүүдэр
Өлсвөөс хоол
Цангаваас унд
Зүдэрвээс нойрны төдий
Өнөө маргаашийн төдий
Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий.

3/25/2017

Босоо бичиг


Намсрайн Лутбаяр
    Босоо бичиг
 (Монгол бичгээр буулгасан Баяр Сувд   )
Босоо явсны баталгаа ч юм шиг
Босоо явахын нотолгоо ч юм шиг
Босож явсан монгол овогтны
Босоо зохиогдсон босоо бичиг мину
Өдгөө бид өөдөлж яваа нь үнээн
Өв соёлоо бас гээж яваа нь үнээн
Хүлгийн явдалтай хурдан бичгээ хаячхаад
Хүүхдүүддээ хэрэгтэй үндэсний соёлоо мартчихаад
Охор богино бодсоныхоо харгайг
Одоо бид эдэлж сууна аа
Өвгөд минь эрэлд мордохдоо
Хөтөлгөө морьтой гардаг ёсон
Өнөөдөр надад гүн ухаан соёрхлоо
Эрдмийн эрэлд мордсон хэн болов чиг
Хоёр бичигтэй явбаас
Эцэн цуцаж алжаана ч гэж үгүй дээ
Тэрэгний мөөрөн гэдэстэй
Тэмээн тавхай үсэгтэй
Наран цацраг орхицтой
Навчин зурмал шилбэтэй
Тал сархан зартигтай
Ташуур суран цацлагатай
Сул хархан гэзэгтэй
Сувдан даруулга титэмтэй
Жингийн цуваа шиг хэвтэй
Жирэмний сүлжээнд оршсон бичиг мину
Янтайд дүрсэн бийрийн
Үзүүр хөшихгүй хялбар
Ялалт бэлгэдсэн ардын
Утга сийлсэн босоо бичиг мину
Уруу буух шиг гарын дагуу даа
Ургах нар шиг зөв эргүүлэгтэй дээ
Гүн ухаан нэвчсэн
Гүйгүүл хурдан бичиг мину
Дэмий гэж дээдсийнхээ өвийг гээхгүй
Дэлхийд таних тэмдэг Босоо бичиг мину
Босоо явсан монгол овогтны
Босоо зохиогдсон бичиг мину
Босоо явсны баталгаа
Босоо явахын нотолгоо мину зэ.



3/03/2017

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой (7).



   Олноос зөвшвөөс санаагаа үл хэлнэ.
   Ганцаар шийдвээс зөрүүд болно
   Магадгүй загнаваас итгэмжгүй болно.
   Ойр сууваас явдлаас зайлна.
   Хол явбаас орхив хэмээн санана.
   Болзоогүй явбаас томоогүйд тооцно.
   Олон үг хэлбээс чалчаа хэмээнэ.
   Дуугүй сууваас ихэмсэгт бодно.
   Хянаж хэлбээс хартай хэмээнэ.
   Гэмгүйг гэмтэйд ононо.
   Гэмтэйг нь гэмгүй өнгөрөөнө.
   Эвлэбээс хардана.
   Эвдэрбээс гомдоно.
Аяа бас, ганцаар муу явах мөртлөө бусдыг жишээ татна.
   Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ.
   Хүний нэрээр нүүр олоод биед хүчирхэнэ.
   Хүний юмаар баяжаад элдэв бардмыг өгүүлнэ.
   Дээр явбаас атаархана.
   Доор явбаас дарлана.
Энэ цагийн алаглагч ноёд
   Идэгч түшмэд
   Хариу бодогч өглөгийн эзэд
   Тэмцэлдэгч ардаас эхлэн
   Ертөнц ба номын зүг тэвч.
Суудлын төлөө олох нэр
Эдийн төлөө номлох ном
Алдрын төлөө үйлдэх буян
Өглөгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн
Муу явдлыг өөрөө үйлдээд
Цагийг муу хэмээнэ.

6/09/2016

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой (6).



Аяа бас, хариугүй өглөг үл өгнө.
   Харгүй сайхан сэтгэлээр үл санана.
   Атгаггүй амгалан сууж үл чадна.
   Аргачлалгүй явдал үл ялна.
   Юмыг тоололгүй алба үл гаргана.
   Зүгээр суугаад, алдрын төлөө эд мал зарагчид олон.
   Өвдөж сандравч хайргүй өргөгчид цөөн.
   Муу үйл үйлдээд үл гэмшигчид олон.
   Сайн явдлыг яваад баярлагч хүн цөөн.
Аяа бас, Хүндлэлийг ямба хэмээнэ.
   Ёсыг алба хэмээнэ.
   Ихэстэй учирваас зусардахыг бодно.
   Энгийн нөхөртэй учирваас үг авахыг бодно.
   Энэ цагийн олны хэрэг хийх, хүний зовлон хэмээвээс
   Цайруу явбаас хүний гарт орно.
   Хардаж явбаас муу үйл арвидна.
   Шударга явбаас олонтой үл таарна.
   Башраар явбаас номтой үл таарна.
   Чанга хурц явбаас өстөн олон болно.
   Дуугүй номхон сууваас толгой дээр гарна.
   Дундуур зэрэг явбаас тэнэг хэмээн сонжлогчид олон
   Гуйж хэлбээс эрэмшинэ.
   Ширүүн хэлбээс дордоно.
   Аргаар хэлбээс баширтай болно.
   Үнэн хэлбээс ойшоохгүй болно.
   Худал хэлбээс хүндгүй болно.