6/30/2015

Монгол наадам (1)


Монгол наадмын талаар Хүннүгийн үеийн Хятад сурвалжид тэмдэглэж ирсэн байна. Эрийн гурван наадмыг төр ёсны баяр болгож тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе юм. Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж эрхийгээ эвшин , нум сум харваж цэц мэргэнээ сорьж , аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь бүр эртний ёс юм. 1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж , Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэж байжээ. Түмт мянгатын хүрээнд ч эрийн гурван наадам зохион байгуулдаг байжээ.


16-17-р зууны үед шарын шашин дэлгэрэн уул овоо тахих болсон үед Эрийн гурван наадам хийх болсон байна. Манж Чин улсын хаан 1778 оны 9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж наадмыг “Уул тахих, иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна. Ингээд Түшээт хан, Сэцэн хан аймаг Богдхан уулыг, Засагт хан, Сайн ноён аймаг Отгонтэнгэр уулыг тахиж наадам хийж иржээ. 1639 онд Өвөрхангайн Ширээт цагаан нуурт Түшээт хан Гомбодоржийн 5 настай хүү Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн Бат-Оршил хэмээх ёслол наадам хийжээ. Энэ нь хожмоо Даншиг наадам хэмээн алдаршсан билээ. Ардын хувьсгал ялснаас хойш нэг жилийн дараа 1922 онд Буянт-Ухаад улсын чанартай наадмыг анх хийжээ.

Үүнийг түүхэнд Цэргийн наадам гэж тэмдэглэсэн. Тэр цагаас хойш Ардын хувьсгалын ойн баяр наадам болгон жил бүр тэмдэглэж иржээ. 2003 оны 6 дугаар сард УИХ “Үндэсний их баяр наадмын тухай хуул”-ийг баталжээ. Эдүгээ үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сумын баяр наадмаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, сум болгон, аймаг болгон, хот болгон нэгэн зэрэг тэмдэглэдгээрээ онцлог юм. Эрт үед жинхэнэ эрчүүдийн хүч чадлаа үздэг байсан наадаан нь орчин үед үндэсний шоу наадам болтлоо өргөжин хөгжсөн юм. Улаанбаатарынхан Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдрийн турш баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаанаас гадна эрхий мэргэн харваачдын наадаан, эрэмгий хурдан хүлэг морьдоо унасан хүүхэдтэй нь баясан харж бахдахаас гадна үндэсний хувцасны жинхэнэ өнгө алагласан гайхамшгийг таашаан үздэг билээ.

No comments:

Post a Comment