7/15/2022

"Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал" оршвой (14 хэсэг)


Мунхаг хүнтэй оролдвоос, үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна. Хүсэлтэй хүнийг чанга хоригловоос, гансрах тул аргаар номхотго. Ууртай хүнийг ширүүн хэлбээс, аюул болох тул улмаар ухуул. 

Омогтой хүнийг дарлаваас, хорсох тул нэр цолоор баясга. Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс, хэрэг гарах тул их битгий хэрэгс. 

Атаач хүнд нүүр эс өгвөөс, гомдох тул сайхан загна. Харамж хүн нэг ширхэг утсыг ч болов, харамлах тул арилжаа бүү хий. Зусарч хүнтэй нөхөрлөвөөс, зоргоор сурах тул дорд суудлыг барь. Ховч хүнтэй хэлэлцвээс, бусдын гэмийг сонсох тул үгийг битгий итгэ. 

Их хүнийг эс нүүрдвээс, өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл. Боол хүнийг эс баярлуулбаас, явдал хожимдох тул бага сага юм өг. 


Өр бүү хий. Өглөг бүү тасал. 

Хулгай бүү хий. Ховсоргон бүү загна. 

Олноос зөвш. Онц өөрийн санааг сүүлд гарга. 

Хэлбээс бүү буц. Санаваас бүү март. 

Хүнийг нүүрчилж, хэргийг буруу бүү болго.

 Хүнд чиг үгүй бүү суу. Сайхан зан үгүй бүү суу.

Эдгээр хэмээвээс, ертөнцийн ёсны сургаал болой.


No comments:

Post a Comment