11/27/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (8)


Хагацашгүй хань нөхөрт
Марташгүй муу үгийг бүү хэл.
Үг үл сонсох муу хүнд
Олон үг бүү хэл, харин улиг болно.
Үг үл мэдэх мунхаг хүнтэй
Үг бүү тэмц, харин ичгүүр болно.
Өчүүхэн номч хүн, омгоор
Үргэлж их мэдэх мэргэдэд халдвал
Үтэр шантрахын тэмдэг.
Гэнэт сайжирсан ард
Хэтэрхий ихэст халдвал
Гэмшиж үл барагдахын тэмдэг.
. Арсланы омог баатар, мөн арсландаа зохих.
Үнэгний уран арга, мөн үнэгэндээ зохих.
Арсланы баатар омог үнэгэнд тусгүй.
Үнэгний уран арга арсланд тусгүй.
Арслан үнэг мэт явбал түргэн гутах.
Үнэг арслан мэт явбал түргэн үхэх хэмээсэн үлгэрийг
Хэн хүн хянан үзэж, хир хирээ мэдэж
Чинээ чинээгээ бодож явсан сайн.

11/17/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (7)



Холын хүнд өршөөл тус хүргэвэл,
Алдар нэр дуурсана.
Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвэл
Эв эе бүтээд хүч нэммүй.
Харийн газарт арга чадлаа бэхэл.
Халуун зуураа эв эеэ хичээ.
Шашинд дургүй сахилтнаас
Сайн сүсэгт хар хүн дээр гэлээ.
Төр ёсон үл мэдэх хаадаас
Төвшин сайн түшмэл дээр гэлээ.
. Ичгүүр үл мэдэх хатнаас
Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ.
Хадгалж үл чадах хөвгүүнээс
Халамжит сайн боол дээр гэлээ.
Харам сэтгэл тушаа,
Хатуу сэтгэл жад,
Хар санаа хор.
Ханилсан нөхрөө хуурваас
Харин биеэ хуурсан адил болъюу.
Үнэхээр барилдсан сайн нөхрийн үгсийг
Үхтэл бүү март.

11/14/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (6)


Үзмэгц яаран магтаад,
Учралдан ханилж гайхуулаад,
Удалгүй хэрэлдэн салаад,
Даруй буцаж инээдэм наадам хийн явагч хүн
Үзтэл муу ард мөний тул,
Үтэр түүнээс зайл.
Дээрэнгүй омог сэтгэлийг барьж,
Дэмий муу биеэ гайхуулаад,
Дээдсийн ёсоор загнагч
Танхай ард ичих мэт,
Түүнээс түргэн зайл.
. Хилэн ихтийг аргаар өнгөрүүл.
Хилэнц ихтийг номоор тэтгэ.
Төрөл төрснөө тэтгэж явбал,
Бөх (бат) их хүчтэй болох.
Төр ёсыг төв шударга дагаж явбал,
Хүнд их нэртэй болох.
Төв ихсийн журмыг дагаж явбал,
Түмнийг эхлэх болох.
Түүнийг үүнийг ялгалгүй асарвал,
Олон нөхөдтэй болох.

10/31/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (4)



....
Арслан мэт ноёдыг
Барс мэт түшмэд дагах.
Барс мэт ноёдыг
Ирвэс мэт түшмэд дагах.
Ирвэс мэт ноёдыг
Чоно мэт түшмэд дагах.
Чоно мэт ноёдыг
Үнэг мэт түшмэд дагах тул
Хамагт (хотол олонд) зовлон болмой (болно).
Ер хүн сайн сайхан үнэн үг,
Шударга явдлыг хичээн сурагтун.
Өндөр их заяатныг үзэн ядваас (ядвал),
Өөрийн амны хишиг зайлах.
Өнчин хүний жаргалыг хөнөөвөөс (хөнөөвөл),
Өөрийн хишиг (буян заяа) эвдрэх.
Үнэн тус хүргэгчдийг муулбаас (муулбал),
Тэнгэр үл таалах.
Үзтэл муулсан хүнийг аргадваас (аргадвал)
Үйл үл бүтэх.
....

10/28/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (3)


                              Тойн хүний хамаг эрдмийн дотор
                              Нигүүлсэхүй сэтгэл нэн эрдэм.
                              Хаан хүний гучин таван эрдмийн дотор
                              Хайрлах сэтгэл нэн эрдэм.
                              Хатан хүний арван таван эрдмийн дотор
                              Сайхан ааль нэн эрдэм.
                              Түшмэл хүний есөн эрдмийн дотор
                              Төвшин сэтгэл нэн эрдэм.
                              Тойн хүн хамаг эрдмийг төгс суравч,
                              Дотроо нигүүлсэхүй сэтгэл үгүй болбол,
                              Тоолшгүй эрдэмтэй боловч,
                              Тун тус үгүй.
                              Хаан хүн хамаг эрхийг төгсөвч,
                              Хайрлах сэтгэл үгүй болбол,
                              Хамагт аргагүй хөнгөн болно.
                              Хатан хүн хамаг сайхныг төгсөвч
                              Ааль муутай болбол
                              Харин төрхөмдөө буцаж буг болно.
                              Түшмэл хүн есөн эрдмийг төгсөвч
                              Төвшин сайн сэтгэл үгүй болбол
                              Хорт чоно мэт жигшигдэхийн тул,
                              Төв сэтгэлийн эеийг хичээ.

10/23/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (2)



                          Засаг цаазын номын ёсоор барьж,
                          Олон амьтныг жаргаланд зохиож(хөтөлж)
                          Төрөл төрөгсдөө энх амарт хүргэгтүн.
                          Үзтэл үнэнээр явагчдыг
                          Үргэлж өргөж хөгжөөгтүн.
                          Үнэхээр гэмт хүнийг гэсгээ.
                          Хатан, хөвгүүн, албат нарыг адил сурга.
                          Хэд хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт
                          Хичээн бүтээж явбаас
                          Төрийн бамбай, дайсны баг (хуяг) адил
                          Ер биеийн амрыг үл харан
                          Бусдын үйлнээс үл уйдан явбаас
                          Дээдсийн явдалд ойр гэх,
                          Асрахын урьд айлгах,
                          Албаттайгаа атаа тэмцэх,
                          Ах дүүтэйгээ хэрүүл үүсгэх,
                          Дэмий холын хүнтэй ханилан эвдрэх,
                          Дэргэдэх хүнийг дэнсэлгэн зовоох,
                          Төрөл төрөгсдөө үл амруулах,
                          Төрийн цаазаас үл айх,
                          Муу хүний үгэнд орох,
                          Сайн хүний үгийг үл итгэх,
                          Ширүүн үгээх дайсныг хураах
                          Хорт сэтгэлээр хамгийг хашруулах тэргүүтнийг тэвчигдэхүй.
                           ...

10/17/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (1)



                    Эзэд хаадтан, олныг хураая гэвэл өглөгөө өг.
                    Осолдолгүй явъя гэвэл түшмэдээ өргө.
                    Аугаа хүчээ ихэтгэе гэвэл цэргээ асар.
                    Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ.
                    Өдөр явсан явдлыг шөнө шүүгтүн.
                    Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун.
                    Олны дотор үгээ бэхэл.
                    Ганцаар суухуйд сэтгэлээ шинжил.
                    Олон хүмүүн лүгээ найран зохилдож,
                    Ер авах, гээхийн ялгалыг шинжлэн мэд.
                    Их, багын санааг асууж нэгтгэн
                    Егүүтгэлгүй сэтгэлийг угаас барьж,
                    Шашин амьтны тусын тулд шамдан,
                    Хамаг амьтныг ганц хөвгүүн мэт асарч
                    Эцэг мэт сургаж, эх мэт тэжээ.

10/11/2011

Арслан үнэг хоёр

Эрдэнийн сан субашидаас:

           Дээрэнгүй омог нэн хэтэрхий бол
           Дэмий хэрэггүй юманд нэрэлхэж зовьюу
           Дээгүүр их санаат нэг арслан эрт цагт
           Тэнэмхий хөгшин үнэгэнд хууртаж махыг үүрсэн үлгэр мэт хэмээсэн нь :

 Урьд нэг арслан, үнэг хоёр хамт амьдарч байсан бөгөөд арслангийн барьсан амьтны махнаас үнэг идэлцдэг байжээ. Хойно арслан нэг зааныг бариад үнэгэнд өгүүлрүүн: <Энэ махыг үүрч миний байдаг газар хүргэгтүн, үгүй бол, мах бүү идэгтүн> гэхэд үнэг арга бодож өгүүлрүүн: <Ноён оо! Ертөнцийн ёсонд их амьтныг албал нэг нь махыг үүрэх нэг нь хойноос дагаж янцаглаж явах ёстой билээ. Би хоёулыг үйлдэж эс чадах тул нэгийг нь үйлдсүгэй. Ноён та нэгийг нь үйлдвэл болох уу?> гэсэнд, арсланы санаанд <Би араатан амьтны хаан тул яагаад энэ муу үнэгний хойноос дагаж янцаглах билээ> гэж бодон өгүүлсэн нь: <Би түрүүлж явна. Чи янцаглаг тун > гээд зааны махыг юманд бодолгүй мөрөн дээрээ тавиад явахад үнэг янцаглах мэт болж дагаж яваад махнаас идэлцлээ гэнэ.

 Хэрэв Монгол бичгээр буулгаж бичихдээ үг үсгийн 
алдаа гаргасан байваас хэлж өгч туслаарай.

9/20/2011

Тооно


Тооно Д.Нямаа   : тогуну  д.ним_а

Хорол тооно барьсан хүнтэй : хорлу тогуну баригсан хүмүн-тэй
Хотод би гэнэт таарав : хота-ду би гэнэдтэ тагараба
Удахгүй барих гэрийн тухай : удаху-үгэи бариху гэр-үн тухаи
Урамтай бодол надад төрөв : урматаи бодол нада-ду төрөбэ

Тэр тоонын том гэдэг : тэрэ тогуну-иин томо гэдэг
Тэнгэрийн нар бүтэн багтана : /тнгри-иин/ нара бүтүн багтан_а
Барьсан хүний нь залуу гэдэг : баригсан хүмүн-и ни залагу гэдэг  
Харсан хүн цөм бахадна : харагсан хүмүн цөм бахадн_а  
Гэрээ баривал говьд бариарай : гэр-ииэн барибасу гоби-ду баригараи
Гэгээн тэнгэрийн нь тооноор хараарай : гэгэн тнгри-иин ни тогуну-бар харагараи
Мал авбал тэмээ аваарай : мал абубасу тэмэгэ абугарай
Манай нэгдлийн гишүүн болоорой : ман-у нихэдүл-үн гишигүн болугараи

Сайхан говийн нэр нь том : саиихан гоби-иин нэрэ ни тому
Саруул тооно тэнд хэрэгтэй : сарагул тогуну тэндэ хэрэг-тэи
Загийн говийн тэмээ нь олон : заг-ун гоби-иин тэмэгэ ни олан
Залуу хүн тэнд хэрэгтэй. : залагу хүмүн тэндэ хэрэг-тэи


9/15/2011

Сэтгэлийг амраагч-2

Өөхтэй тарган биш боловч эцэнхий морь ч бол уналга
Ураг элгэн төрөл биш боловч итгэлтэй нөхөр тустай
Балар шугуй модонд сармагчин дамжихад амар
Бага сага эрдэм нэмэр авахад хэрэгтэй
Үзсэн эрдмээ мартсан хүн буянаар үгүйрэхийн тэмдэг
Үлгэргүй эсгэсэн малгай эд эвдэхийн шинж
Их хүнд даруулга байтугай бурханд ч бол ахмад буй
Энгийн хүнд сургаал байтуугай эзэнд ч бол ёс буй
Нохой ч бол сүүлтэй нь сайхан
Гуйранч бол ёстой нь сайхан
Арслан баатар ч бол галаас цочдог
Хүн сайн ч бол нэг юманд гэнэддэг
Зоригоор болохоос сэрэмжээр болох нь олон
Зовсноор болохоос аргаар болох нь амар
Хүчилснээс эвийг олбол хямд
Хэрэлдсэнээс учраа хэлбэл шулуун
Цул модон хэнгэрэг хэдий их ч бол
Дэмий их сайхан дуун гарна гэж үү

9/10/2011

Сэтгэлийг амраагч-1

Ноён хутагт Равжаагийн зохиосон “Сэтгэлийг амраагч” хэмээх сургаалаас

Ум сайн амгалан болтугай
Сэтгэлийг амраагч сонин сайхан хуурмаггүй
Итгэлт гурван эрдэнийг дурссугай. Түүний
Сүүлд янагласан нөхөр чамдаа захих минь болбоос
Нарны гэрэл хурц болоход үүлгүй болбоос нэн сайн
Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайн
Номгүй хувраг гэзэггүйгээс биш юу вэ?
Номой зантай хүн хождохоос бус юу вэ?
Норсон хадаг бэлэгт явдаггүй
Ноёнгүй албат цуугиан тасардаггүй
Сал онгоц байвч сэлэх усч хэрэгтэй
Санаа чадал байвч сайн нөхрөөс зөвшилтэй
Эмч байтугай домч ч бол тустай
Ноён байтугай нохой ч бол өмөг
Хадан дээр сийлсэн бичиг нүдтэй хүнд гэрч
Халамжилсан үг ухаантай хүнд бодомж

8/20/2011

Ухаантай хариулт

Эрт урьдын цагт нэгэн том ноён гурван хүүтэй байжээ. Гурван хүү нь ч нас бие гүйцэж. Эцэг ноён ч өтөлжээ. Нэгэн өдөр ноён гурван хүүгийнхээ ухааныг сорихоор дуудаж ирүүлээд : энэ дэлхийн хамгийн амттай, хамгийн тарган, хамгийн мэргэн нь юу вэ? Гэж асуув. Ууган хүү өгүүлрүүн: хамгийн амттай нь чихэр, хамгийн тарган нь гахай, хамгийн мэргэн нь ноён гэв. Дунд хүү өгүүлрүүн: хамгийн амттай нь зөгийн бал, хамгийн тарган нь хонь, хамгийн мэргэн нь цэцэн түшмэл гэв. Отгон хүү: хамгийн амттай нь давс юм. Учир нь давс бол хоол бүхэнд амт оруулдаг. Хамгийн тарган нь дэлхий юм. Түүн дээр бүх юм оршин байдаг. Хамгийн мэргэн нь үзэг юм. Үзгээр орчлонгийн хэрэг явдал бүхнийг тэмдэглэн бичиж ном хэмээх гайхамшгийг бүтээдэг гэжээ.

4/27/2011

Ганц эмгэн


Монгол ардын үлгэр,
Урьд нэгэн ядуу эмгэн баячуудад зарагдаж байжээ. Зуд турхан болж айл амьтан нүүж ганц бие тэр эмгэн нутаг дээрээ хоцорч гэнэ. ...

4/20/2011

Хөх толь



Монголын түүхийн Хөх дэвтэр -ийг " köke debter ", " koke debter " гэж бичээд хайх үед нэлээд эх сурвалж олдож байна. "хөх дэвтэр" -ээр бичээд хайх үед зөвхөн “Асрагч нэртийн түүх” зохиол Монголын түүхийн чухал нэгэн сурвалж  нэртэй архивын хуудаснаас олдож байна. 

4/15/2011

Таван хөвүүн



Монголын нууц товчооноос (1-р бүлэг)

19. Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжээд мөс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй.

22. Бас Алун-гуа, таван хөвүүнээ сургаж өгүүлрүүн: "Та таван хөвүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь үгүй болов.

19. One day, in the spring ...
(The Secret History of the Mongols (19,22))

4/13/2011

Өглөг


Мэдлэгт тус нэмэр, өглөг,
help for reading Mongolian script text,

4/08/2011

Хүдий Сэцэний хүйтэн атлаа үнэн үг.



Эрт урьд цагт Хабул гэдэг хаан хамаг Монголыг захирч байжээ. Хабул хаан бол Чингис хааны элэнц өвөг болой. Хабул хаан долоон хүүтэй. Долоон хүү нь дотно эвтэй агсан ажээ. Хабул хааны дараа хамаг Монголыг Амбагай хаан захиржээ. Амбагай хаан арван хүүтэй. Аав нэгтэй арван хүү хоорондоо хонь чоно мэт ажээ. Энэ байдлыг Хүдий Сэцэн мэдээд,

    Амбагай хааны арван хүү анхаарч наашаа сонс !
    Аглаг ууланд авлаж аргал угалз намнадаг та нар
    Аргал угалзны махыг хуваахдаа
    Алалдаан болон хагацдаг та нар
    Хабул хааны долоон хүү халуун зуур эвтэй тул
    Хамгийн хаан болно шүү
    Амбагай хааны арван хүү та нарын ааш зан муу тул
    Албат харц болно шүү !

гэж өөдөөс нь эгцлэн ширтээд үнэнийг өчжээ.

(Чой.Лувсанжав, Тангадын Галсан нарын Монгол бичиг өөрөө сурах номын уншлагын бичвэрээс, help for reading Mongolian script text, Kabul Khan, Ambagai Khan )




Лу. Алтан товч -ид:

Хүдэй сэцэн үгүүлэрүүн: Та Амбагай хааны арван хөвүүн сонс:
     Атриат уулыг авлан та
     Аргал угалзыг алам та
     Аргал угалзын махыг
     Хувилан хуваахаас улам
     Алалдан тэсхийлдэн хагацам та.
     Будант уулыг авлам та Буга согоо алам та
     Бугын махыг
     Хувилан хуваахаас улам
     Бутралдан тэсхилдэн хагацам та.
     Чулуут цөлийг авлам та
     Чихтэй, зээрийг алам та
     Чихтэй зээрийн махыг Хувилан хуваахаас улам
     Цавчилдан гөвшилдөн хагацам та.

Тэр Хабул хааны долоон хөвүүдийн ая явдал нь ийм буюу:
     Хурбихан газрыг авлан тэд
     Хуларайган (хулангийн) янзагыг алам тэд
     Хуларайган янзагын махыг
     Хувилан хувааж авахдаа
     Хуримлалдан тахилдъя хэмээгээд
     Хутагт буянт болтугай хэмээн тэд.
     Гүдэнт уулыг авлам тэд
     Хүдэр гөрөөсийг алам тэд
     Хүдэр гөрөөсний махыг
     Хувилан хувааж авахдаа
     Хүндлэлдэн дайлалдъя хэмээж
     Хүсэх мэт сайхан үгээ үгүүлэлдэм тэд.
...


4/07/2011

Бядуу оюутан


Бядуу оюутан нэгэн төрлийн амгаланг олбой.

(хэсэглэн авав)

Баян сайн бүхий цагт нь
Баярлуулахыг хүсэгчид нь бялдууч нохой мөн.
Буурал(доройтол) болохын үед нь
Баас алдтал буруулах нь журамгүй мал мөн.
Баян бүхий цагт өөрийн хувь байтал
Бялдуучлах нь ховдог их гахай мөн.
Буур ч ядрахуйд буруулан дутаагч нь ухаангүй нөхөр
Баян ядуу хоёрыг ялгамжтайгаар нөхөрлөгч нь,
Бач зусар төгөлдөр мунхаг адгуус мөн.
Буурал болон ядрахуйд чинээгээр тэтгэгч нь
Бат журам төгөлдөр сайд мөн.

help for reading Mongolian script text

4/01/2011

Өвөл



Өвөл

Д.Нацагдорж                    
Дөрвөн цаг           
                            




Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуу тодохон сонсогдоно.


Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт мал соргог үсээ гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ.


Өндөр газрын хүйтэн чимүү царцам эрчтэй
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана.


Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал ээлжилж
Уул, ус, нар, сар дөрөвтэй нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан баясаж
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.

3/29/2011

Илүү гэр – Банаг гуайнх сайн уу?



Хөдөөгийн малчин их гэрийнхээ хажууд бага гэр буюу илүү гэр барьж идээ цагаа аар саар зүйлээ хадгалдаг. Говь-Алтай аймгийн зарим суманд энэ илүү гэрийг << банаг >> гэж нэрлэдэг нь чухамдаа нэгэн зүйл майхан мэт орон сууцны төвд гаралтай нэр ажээ.


Зүүн монголын нэгэн хүн илүү гэртэй нэгэн айлд ажлаар очоод
  • Танайхтай айл байгаа чинь хэнийх бэ гэж асуужээ.
  • Үгүй энэ манай банаг гэж хариулахад нөгөө хүн
  • Банаг гуайнх сайн уу гэсэн гэдэг

3/25/2011

Бор шувуу ба хэдгэнэ



Бор шувуу ба хэдгэнэ.


Шар хэдгэнэ өөрийн эр зоригийн тухай бор шувуунд хуучилжээ. Агт морьд, амбан шар хүртэл миний хүнгэнэх дуугаар орох гарах газраа олж яддаг гэж сайрхав. Бор шувуу – гайхалтай юм даа гэж толгой дохин зөвшөөрч сууснаа өрөв хийн дайрч шар хэдгэнийг зуугаад нисчхэв. Бор шувууг үүртэй хүрч ирэхэд бяцхан шар завжид ангаахайнууд нь шаагилдан угтжээ. Эрэлхэг зоригт хэдгэнийг хэдэн хэсэг хуваагаад бор шувуу ангаахайгаа хооллочихжээ.


(Монгол бичиг 4-р анги номын хуудас 67)

3/24/2011

Намар




Намар


(Д.Нацагдорж      
Дөрвөн цаг)





Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газар сургууль соёлд одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэр шивнэнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуусын сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.